Америкт "зика"-гийн вакциныг хүн дээр туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-08-04 10:12:11

ВАШИНГТОН. /VOA/. Шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх вакцины клиникийн туршилт хийж байгаагаа АНУ-ын нэгэн хүрээлэн мэдэгдлээ.

Америкийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн харьяа Харшил ба халдварт өвчин судлалын хүрээлэн лхагва гарагт энэ тухай мэдэгдсэн юм.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “ДНК” нэрт шинэ төрлийн вакцин гарган авчээ.

Тэдний хэлснээр, 18-35 насны эрүүл 80 хүн уг вакцины аюулгүй эсэхийг шалгах клиникийн туршилтад сайн дураараа орж байгаа аж.

Тус хүрээлэн туршилтын дараагийн шатыг 2017 оны эхээр хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Энэ вирусийн халдвар авсан тохиолдол одоогоор Төв болон Өмнөд Америкийн голдуу 67 улсад бүртгэгдээд байна.

Харин Америкийн өмнөд нутгийн Флорида муж улсад “зика”-гийн халдвар тархсан улс орон руу яваагүй, халдвар авсан хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй 15 хүн уг вирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа ажээ.

Бэлгийн бойжилт гүйцсэн охидыг “зика”-гийн халдвар тархсан газарт очихоос өмнө вакцинжуулах нь бидний гол зорилго юм гэж Харшил ба халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Энтони Фаучи онцлон тэмдэглэв.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ