Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-18 17:36:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд “Үндэсний бичиг соёл, номын өдөр” тохионо. Уг өдрийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар 11.00 цагт нэгэн зэрэг эхэлнэ. Нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад “Үндэсний бичиг соёл, номын өдөр” багтдаг бөгөөд жил бүрийн 5 дугаар сард тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ.

Энэ өдрөөр Монголын өв соёл, үндэсний бичиг, номыг сурталчлах тул хүүхэд, залуусыг идэвхтэй хамрагдахыг аймгийн Номын төвөөс уриаллаа.

Номын баярыг монголчууд 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” гэсэн уриа, агуулга дор тэмдэглэж ирсэн. Харин энэ жилээс уг өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн илүү өргөн хүрээнд тэмдэглэх юм.

Энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн Номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн холбоо зэрэг байгууллага оролцож байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ