"Төрөлх Алтайн хөгжилд залуусын оролцоо" өдөрлөг Улаанбаатар хотод болов

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-05-19 12:11:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн оюутан, залуусыг ажлын байранд зуучлах "Төрөлх Алтайн хөгжилд залуусын оролцоо" өдөрлөг Улаанбаатар хотноо болов. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тус аймгийн харьяат их, дээд сургууль төгсөгч болон суралцагч оюутан, залуусыг ажлын байранд зуучлах "Төрөлх Алтайн хөгжилд залуусын оролцоо" өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг 50 аж ахуй нэгжид 461, сумдын Эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналт, Алтай чуулга, цэцэрлэг, сургуулиудад байгаа 47 сул ажлын байр байгаа талаар аймгийн ХХҮГ-аас танилцуулга хийсэн юм. Өдөрлөгт оролцсон оюутнуудаас нутгаа зорин очиж ажиллахаар 51 төгсөгч холбогдох ажлын байранд, суралцаж байгаа 15 оюутан Говь-Алтай аймгийн харьяат бизнес эрхлэгчдийн аж ахуйн нэгжид цагийн ажил хийхээр бүртгүүлсэн ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон тухай холбогдох албанаас мэдээллээ. 

Түүнчлэн Алтай нутгийнхаа оюутан залуучуудад Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн, аймгийн нутгийн зөвлөлийн дарга, хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэ, "Тайгам Алтай" ХХК-ийн захирал Ц.Сономцэрэн нар өөрийн ажлын туршлагаасаа хуваалцаж санал солилцлоо.

Мөн үеэр Алтай нутгийн жижиг дунд үйлдвэрэл эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүний дээжсээс үзэсгэлэн дэлгэж, худалдан борлуулсан юм.


Холбоотой мэдээ