Монгол дахь Старлинк - Интернэтийн хувьсгалын өгөөжийг хүртэх эхлэл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2022-05-19 13:54:53

Америкийн “Starlink” компанийн өндөр хурдны интернэтийн сүлжээ Монгол Улсад тун удахгүй нэвтрэх гэж байгаа тухай мэдээллийг хэвлэлүүд хэд хоногийн өмнөөс цацаж эхэллээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” гэдэг нэртэй компанийг бүртгэж авсантай холбоотой бөгөөд түүний эцсийн эзэмшигч нь Америкийн иргэн, шинийг сэдэгч тэрбумтан Илон Маск ажээ.


Гэхдээ бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан тус компани манай улсад үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрлөө аваагүй байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригийн ярьснаар, тухайн компанийн зөвшөөрөл авах хүсэлтийг хэлэлцэх явцад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөх бололтой. Хууль журмын дагуу асуудлыг хэлэлцэж цэгцэлсэн тохиолдолд хиймэл дагуулын интернэт үйлчилгээ манай улсад 2023 оноос нэвтэрч магадгүй хэмээн таамаглаж байна.


Интернэт хувьсгал хийх амбиц   


2022 оны эхний байдлаар, дэлхий дээр амьдарч буй 5 тэрбум хүн интернэт сүлжээнд холбогджээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын үлдсэн 38 орчим хувь нь дэлхийг хэрсэн сүлжээг ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Интернэт хэрэглэгчдийн тоо жилд 3-4 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд цаашид энэ эрчээр өсөх аваас 12-15 жилийн дараа л хүн бүр интернэтэд холбогдох нь. 


Харин энэ хугацааг эрс наашлуулж, дэлхийн аль ч цэгээс интернэтэд холбогдох боломжийг хүн төрөлхтөнд олгохоор шийдсэн хүн бол дэлхийн тэргүүн баян, шинийг сэдэгч Илон Маск билээ. Дэлхий даяарх интернэт сүлжээнд хувьсгал авчрах асар том амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд тэрбээр өөрийн SpaceX компанидаа түшиглэн Starlink хэмээх төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүний танилцуулж буй цахилгаан автомашин, Фалкон пуужин, Нейролинк тархины чип, Ангараг гарагийг эзэмших амбицтай төлөвлөгөөнийх нь талаар хэвлэлээр шуугидаг боловч яг ойрын үед бидний амьдралд шууд нөлөөлж чадах сансрын интернэт сүлжээний төслийнх нь ач холбогдлыг төдийлөн анзаардаггүй.


Одоогоор хүн ам цөөтэй газар орон, өтгөн шигүү ой, эзгүй тал хээр ба элсэн цөл, гадаад их далайд аялж явах үед интернэтэд холбогдох ямар ч боломжгүй билээ. Иймээс интернэтийн үйлчилгээ тогтворгүй эсвэл огт нэвтрээгүй ийм газруудад уг үйлчилгээг нэвтрүүлэх, хүртээмжийг эрс сайжруулах зорилго бүхий “Starlink” бол хиймэл дагуулд суурилсан систем юм.

Өдгөө хөдөлгөөнт холбооны цамхагуудын тусламжтайгаар интернэтийн сүлжээ ажилладаг. Дэлхийн аль ч цэгт энэ үйлчилгээг хүргэхийн тулд хаа сайгүй антенн босгох хэрэгтэй болно, гэтэл далай тэнгисийн усан дээр үүнийг хийх ямар ч боломжгүй. Тэр ч бүү хэл хуурай газарт ч өндөр хурдны сүлжээ байгуулахад бэрхшээл тулгарч байгаа бөгөөд дэлхийн хүн амын дөнгөж 43 хувь нь 4G сүлжээг ашиглаж байна.


Тэгэхээр уг асуудлыг зөвхөн хиймэл дагуулын тусламжтайгаар шийдэх боломжтой. 2021 оны 2 дугаар сард Илон Маск ярихдаа “энэ оны эцэс гэхэд Дэлхийн ихэнх газар нутаг хиймэл дагуулын сүлжээнд холбогдож, улмаар 2022 онд бүхэлдээ хамрагдана” гэж байсан боловч амласан хугацаандаа хэрэгжүүлж арай амжихгүй бололтой.


Старлинкийн дэд бүтэц


Одоогийн байдлаар тус компани дэлхий орчмын нам тойрог замд 2200 хиймэл дагуулыг байрлуулж, 32 улсын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлж байна. Ойрын үед хиймэл дагуулын тоог 12 мянгад хүргэж, тойрог замд жигд тараан байрлуулахаар төлөвлөсөн ба цаашдаа уг тоог 30 мянга болгох хүсэлтээ Олон улсын цахилгаан холбооны байгууллагад (ITU) илгээгээд байгаа ажээ.


Старлинкийн хиймэл дагуул тус бүрийн жин нь ердөө 260 кг, авсаархан хийцтэй тул SpaceX компанийн Falcon 9 пуужингаар нэг удаад 60 ширхэг ийм аппаратыг тойрог замд гаргах боломжтой. Хиймэл дагуулууд нарны зай хураагуураар ажиллах ба фазын тор бүхий 4 ширхэг антенн, криптон хийгээр ажилладаг ион хөдөлгүүрээс бүрдэнэ.


Ийнхүү сансарт дэд бүтцийг байгуулснаар 1 Гбит/сек  хурдтай өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг 5G сүлжээний стандартад нийцүүлэн үзүүлэх боломжтой болно. Хиймэл дагуулуудыг хөөргөх, сүлжээний холболтыг хийхэд SpaceX компани 10 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Тэр ч бүү хэл, ирээдүйд Ангараг дээр буух хүмүүс интернэт ашиглах боломжийг ч судалж байгаа гэнэ.  


Ташрамд сонирхуулахад, хиймэл дагуулуудыг дэлхийн гадаргуугаас 350 км-ийн өндөрт байрлуулах тул ямар ч дуран хэрэгсэлгүйгээр энгийн нүдэнд харагдана. Тодруулбал, зохион бүтээгч Жэймс Дарпинианы цахим хуудасны тусламжтайгаар тэнгэрт харагдах хиймэл дагуулуудыг харж болно гэсэн үг.  Тэрбээр дэлхийн 3D загварчлалыг бий болгосон тул Старлинкийн хиймэл дагуулуудыг дэлхийн аль ч цэгээс харах боломжтой.  Өөрөөр хэлбэл, та байршил тогтоох геолокацийн системд нэвтэрч, өөрийн хаягийг оруулснаар тухайн хиймэл дагуул хэзээ танд харагдах вэ гэдгийг цахим хуудас хэлж өгнө.


Үзүүлэлтүүд ба үнэ ханш  


Хиймэл дагуулын интернэтийн бета-туршилт хэдийнэ эхэлсэн бөгөөд эхний үе шатанд АНУ-ын хойд нутаг, Канадын өмнөд хэсгийн оршин суугчид сансрын интернэтийн үйлчилгээнд хамрагдаад байна.


Хиймэл дагуулаас ирж буй дохиог хүлээн авч, роутерт дамжуулдаг антенн төхөөрөмжийг тус хоёр улсын 499 доллароор худалдан авч, үйлчилгээний төлбөрт сардаа 99 доллар төлж байгаа аж. Энэ бол америкчуудын хэрэглэдэг шилэн кабелийн интернэтийн сүлжээний төлбөрөөс /сард дунджаар 60 доллар/ тийм ч өндөр биш. Түүнээс гадна, төхөөрөмжийг угсарч бэлэн болгоход ердөө 20 минутын хугацаа хэрэгтэй.  


"Ойрын хэдэн сарын хугацаанд өгөгдөл дамжуулах хурд 50-150 Мбит/с ба дохионы саатал 20-40 мс, өгөгдлийг татаж авах хурд 80 Мбит/с байх болно гэдгийг хэрэглэгчид маань тооцож үзээрэй, гэхдээ дэд бүтэц боловсронгуй болохын хэрээр сүлжээний үзүүлэлтүүд сайжирна. Хиймэл дагуулуудын тоог олшруулж, газрын шинэ станцуудыг байгуулж, сүлжээний программ хангамжийг сайжруулснаар өгөгдөл дамжуулах хурд нэмэгдэж, дохио саатах хугацаа эрс богиносно” хэмээн Старлинк компанийн цахим хуудсанд бичжээ.

Тус компани антенн суурилуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс гадна Android, iOS системүүдэд зориулсан аппликейшн гаргасан нь хиймэл дагуулаас ирж буй дохиог хамгийн сайн хүлээн авах боломжтой байршлыг сонгоход танд тусална. Үүний зэрэгцээ “хамрах талбайг хааж буй цас их унасан газарт антенныг суурилуулахгүй байх нь зүйтэй бөгөөд аадар бороо, хүчтэй салхи холболтонд нөлөөлж, хурд саарах, сүлжээ тасрахад хүргэж болзошгүй” гэдгийг ч сануулжээ.


Онцгой үед ашиглах боломж


Дайн эсвэл байгалийн гамшиг тохиох үед хөдөлгөөнт холбооны цамхагууд хамгийн түрүүнд эвдрэн нурж, интернэтийн сүлжээ тасардаг учраас шилэн кабелийн сүлжээг орлож чадахуйц найдвартай хэрэгсэл нь одоогоор Илон Маскийн хиймэл дагуулууд болж байна.


Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Старлинкийн олон мянган терминалууд Украин даяар интернэтийн үйлчилгээг үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, Киевээс холгүй орших Ирпень хотод болсон тулалдааны үеэр 24 үүрэн холбооны цамхаг бүгд нурсан боловч Украины цэргүүд тус хотыг хяналтандаа авснаас хойш хоёрхон хоногийн дараа интернэт сүлжээг сэргээж чадсан байна. Энэ нь  И.Маскийн компанид үйлдвэрлэсэн Dishy McFlatface гэдэг тавган антенны ач тус болой.   


Гэхдээ Старлинк компани Украинд үйл ажиллагаа явуулах болсон шалтгаан нь дайн биш юм. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс хэдэн сарын өмнө Украины Цахим шилжилтийн яам SpaceX компанитай холбоо тогтоож, 2 дугаар сарын сүүлч гэхэд сансрын интернэт үйлчилгээг нэвтрүүлж эхлэхээр тохиролцсон байв. Учир нь, хөдөө аж ахуйн өргөн уудам эдэлбэр газар бүхий улс орнуудыг Старлинк компани илүүтэй сонирхдог гэнэ.


Тус компани сүлжээгээ Украинд амжилттай туршсанаар зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн үед, мөн эрх баригчдын зүгээс интернэтэд хатуу хязгаарлалт тогтоосон тохиолдолд хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг хүмүүст хүргэх нь үр дүнтэй гэдгийг харууллаа.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд