Баялгийн засаглалыг шинэчлэх эхлэл

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-05-20 11:33:52

                                                           Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


Дэлхийд тэргүүнд жагсдаг байгалийн баялагтай улс Монгол. Баялгийнхаа өгөөжийг хэрхэн яаж ухаалаг, зөв удирдаж үр ашгийг нь хүртэх тухай асуудал манай улсын хувьд олон жилийн туршид олон засаг дамжин яригдаж ирсэн зүйл. Хэдхэн хоногийн өмнө Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ хууль батлагдсанаар зохистой удирдлага бүхий тогтолцоотой болж, Монголын баялаг хөгжлийн эх үүсвэр болох эхлэл тавигдаж байна гэж хэлж болно. Гэхдээ сангаа зөв удирдвал.

 

Байгалийн баялгийн орлогоороо хуримтлал үүсгэж, түүнийгээ зүй зохистойгоор ашиглаж зарцуулна гэдэг бол асар их үр өгөөжтэй. Анх 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хууль баталж, баялгийн сантай болсон боловч өгөөж хишиг амсах нь бүү хэл өр төлбөртэй болж хоцорсон. Ингээд "Ирээдүйн өв сан"-гийн хуулийг 2016 онд баталж баялгийн өгөөжөө энэ санд хадгалж эхэлсэн ч мөн л орлого бүрдүүлж чадалгүй зогсоод байгаа юм. Нэг ёсондоо энэ удаагийн хуулийн төсөл өмнөх баялгийн сантай болж орлого бүрдүүлэх гэсэн оролдлогуудын алдаа оноон дээр суурилж, илүү нарийвчилсан судалгааг үндэслэж хийгдсэнээрээ багагүй чамбайрсан байх магадлалтай.

 

Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулийн төслийг боловсруулахдаа уг заалтыг үндэс болгосон.

 

        Хуулийн зорилго нь: Ажилтай орлоготой Монгол иргэнийг дэмжих замаар нийгмийн дундаж давхаргын иргэдийн           тоог нэмэгдүүлэх.

 


Сангийн язгуур ашиг сонирхол нь, нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтийг дэмжин сайжруулах, компанийн стратегийн ордуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, цалингийн түвшнийг өсгөх замаар тогтвортой амьжиргааг бий болгож иргэдэд өгөөжийг урт хугацаанд хүртээхэд оршино.


 

Хуулийн төслийг бусад улс орнуудын энэ төрлийн сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлт зэргийг нарийвчлан судалж, боловсруулсан юм байна. Байгалийн баялгийн өгөөжийг арвижуулж, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чадамжтай сан болгох, иргэн бүрт шударга хүртээх нь сангийн гол агуулга, ач холбогдол нь.  

 

Баялгийн сан нь:  

 

-Төрийн эзэмшлийн байх,

-макро эдийн засгийн бодлогыг дэмждэг байх,

-Баялгаасаа орлого төвлөрүүлэх,

-Төвлөрсөн орлогыг иргэддээ тэгш хуваарилах гэсэн үндсэн суурь зарчимтай. Амжилттай хэрэгжиж байгаа олон улсын сангуудын хувьд ч ийм байдаг байна.

 

Өмнөх хууль Монголын хөрсөнд буугаагүй учраас бодитой үр дүнд хүрээгүй гэсэн үг. Ерөөс баялгийн сангийн үндсэн зарчим нь хуримтлал үүсгээд түүнийгээ хөгжлийн хөрөнгө оруулалт болгох.  Мөн чинээлэг дундаж давхарга бий болгох. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, даатгалын тогтолцоог цогцоор нь боловсронгуй болгоход ч энэ сангийн эдийн засгийн үүрэг нөлөө асар их. Нэг үгээр хэлбэл газрын дорх баялгийн өгөөж ашгийг зөв удирдана гэдэг нь зөвхөн хуримтлуулах, зарцуулахдаа гол биш, өсгөж арвижуулах сайн менежмент хэрэгжүүлэх явдал.

 

Баялгийнхаа өгөөжийг ухаалаг удирдаж хөгжлийнхөө эх үүсвэр болгож чадсан Норвег, Чили, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Кувейт, Катар, Алжир, Казахстан зэрэг олон улсын сайн туршлага бэлэн байна. Тэдгээрийн хувьд эдийн засаг болоод төсвийнхөө тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын сандаа зарцуулах гэх мэтээр баялгийн өгөөжийг бодлого, системтэйгээр эргэлтэд оруулдаг.


Дэлхийд таван төрлийн баялгийн сан байна:

-тогтворжуулалтын,

-валютын нөөцийн хөрөнгө оруулалтын,

-хадгаламжийн,

-хөгжлийн,

-тэтгэврийн нөөц сан гэж ангилдаг.

Баялгийн орлогоос хуримтлал үүсгэн хойч үед тодорхой хувийг нь үлдээх, хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн төрөлжилт, өсөлтийг дэмжихэд сангийн зорилго чиглэдэг.


Баялгийн сангийн орлогыг:

-“Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж буй стратегийн ордуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,

-Стратегийн ордыг ашиглаж буй төрийн өмчит компаниудын ногдол ашиг,

-Орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсэг,

-Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасны орлого,

-Хөрөнгө оруулалтаас олох цэвэр ашгаас төвлөрүүлнэ.

 

Эдгээрээс хамгийн найдвартай орлого төвлөрүүлэх нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. “Эрдэнэс Монгол” компанийн охин компаниудын орлого Баялгийн сангийн хөрөнгө хэлбэрээр төвлөрөх бөгөөд үр өгөөж нь урт хугацаанд тогтвортой байх боломж бий. Тийм ч учраас Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компани хариуцан хэрэгжүүлнэ. Анх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг түшиглэж, Баялгийн сан байгуулахаар зэхэж байсан ч энэ шинэ санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар болсон.


“Эрдэнэс Монгол” компани нь стратегийн 16 ордод төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан компани. Тиймээс Баялгийн шинэ сангийн орлого стратегийн ордуудын өгөөжөөс бүрдэнэ гэсэн үг. УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд сангийн орлогоос шууд бэлэн мөнгө тараахыг хориглосон заалт оруулсан. Санд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулахыг Засгийн газар шийдэж, гүйцэтгэлийг “Эрдэнэс Монгол” компани хийхээр тусгасан.


Сангаа хэрхэн удирдах нь хамгийн чухал

Сангаа сайн удирддаг олон улсын жишиг жишээнээс харахад тэтгэврийн сангийн нөөц бүрдүүлэх, эдийн засаг, нийгмийг тогтворжуулах, эдийн засаг нь хямарсан үед төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зэргээс бусад зүйлд зарцуулдаггүй, нарийн тооцоо хяналттай байна. Нөгөө талаар нь бодоход энэхүү санг учирч болох эрсдэлээс хамгаалдаг найдвартай ар тал болгон хөгжүүлэх ёстой. Ерөөс баялгийн сан гэдэг нь мэргэжилтнүүдийн ур чадвараас өгсүүлээд үйл ажиллагааны бүтэц, хяналтын тогтолцоо, улс төрийн чадамж, тогтвортой байдал, тэр ч бүү хэл улс төрчдийн ёс суртахуунтай хүртэл уялдаа холбоотойг судлаачид хэлдэг.

Баялгийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, санхүүгийн хуримтлал болгох, алдагдлыг нөхөх,  төсвийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. 




Холбоотой мэдээ