Шилдэг тохижилттой хашаа бүхий өрхийг нэг сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-27 14:12:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумын ЗДТГ-аас айл өрхүүдийн дунд “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг зарлажээ.

Хашааны гадна тохижилт, өрхийн аж ахуй эрхлэлт, ногоон байгууламж буюу цэцгийн мандал, мод тарих, зүлэгжүүлэлт түүнийг арчилж тордсон байдал, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, хогийн цэг, сүүдрэвч, гэрэлтүүлгийг хэрхэн шийдвэрлэж, нэмэгдүүлсэн зэргээр уралдааныг дүгнэж, шилдэг тохижилттой хашаа бүхий өрхийг нэг сая төгрөгөөр урамшуулна.

Уралдааныг 5 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хоёр үе шаттай явуулна. Эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд хоёрдугаар байрыг 700 мянга, гуравдугаар байрыг 400 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Сумын хэмжээнд нийт өрхийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тохижилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж хог хаягдлыг багасгах чиглэлээр шинэ санал санаачилгыг дэмжих замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баяндэлгэр сум 2022 оныг Тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ.

Баяндэлгэр сум нь зургаан багийн 1392 өрх, 5200 орчим хүн амтай. 

Холбоотой мэдээ