Эвийн өргөө-Энхийн гүйлтийн галт бамбарыг Мандалговь хотноо хүлээн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-31 18:03:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Эвийн өргөө Энхийн гүйлт-2022”  5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос гараагаа эхлэн, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгаар галт бамбарыг буухиалсаар өнөөдөр Мандалговь хотноо ирлээ.

“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэх” зорилго бүхий энхийн гүйлтэд Монгол, Орос, Голланд, Румын, Шинэ Зеланд зэрэг 5 орны 20 шахам гүйгч 21 аймгийн 108 сум суурин газрыг хамран, нийт 7300 км замыг туулах ба Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд, Сайхан-Овоо сумын нутгаар гүйж өнгөрөх юм.

Энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцон хэлсэн үгэндээ эв эеийн бэлгэдэл болсон галт бамбарыг нэг сум, аймаг, улсаас нөгөө сум, аймаг, улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршиж байгааг онцолж, энхийн гүйлтээр цар тахлын дараа ард иргэд эрүүл мэндээ дэмжиж, идэвхтэй хөдөлгөөнд өргөнөөр оролцохыг уриаллаа.

Энхийн гүйлтэд дэлхийн таван тивийн 160 гаруй улс орны үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгдэн оролцдог бөгөөд галт бамбарыг Монгол Улс анх 1995 онд хүлээн авснаас хойш 2 жил тутамд тус гүйлтийг зохион байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ