Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасан тал дахь "Гол мод” хэмээх дурсгалт газар

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-02 11:58:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүх, соёлын есөн гайхамшгийн нэг нь "Балгасан тал дахь Хүннүгийн цогцолбор" буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал гэдэг газарт “Гол мод” хэмээх дурсгалт газар бий. 

Энэ дурсгалт газрыг 2000 онд Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич Д.Эрдэнэбаатар нээн илрүүлсэн байдаг. Түүнээс хойш 2002-2006 онд Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги том буюу нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалж дуусгасан. Харин 2011 онд нэгдүгээр булшийг 30-р дагуул булштай нь болон давхар тавдугаар булшийг малтан судалж дуусгасан. Энэ нь тухайн үедээ оны онцлох үйл явдал, хүннү судлалд томоохон нээлт болж байлаа. Эндээс гарсан олдворыг “The Hu” хамтлаг өөрийн лого болгож авсан байдаг.



Улмаар 2017 оноос эхэлж 189-р булшийг шинээр малтаж, судлах ажлыг эхлүүлсэн байдаг. 189-р булш бол Хүннүгийн язгууртны булш. Урт нь 50 метр, өргөн нь 30 метр, газрын хөрсөн дээр зарим талаараа хоёр метрийн өндөр том чулуун байгууламж юм.


Уг булш нь 12 дагуул булштай. Тухайн язгууртныг нас барахад дараагийн амьдралд нь зарц бараа бологчийн үүрэг гүйцэтгүүлэхээр дагалдуулж оршуулсан гэсэн үг. Эхний жил археологийн 12 булшийг малтаж дуусгаад 2018 онд үндсэн булшны үүдэвч буюу булшинд хүрэх замыг малтаж судалсан байдаг. Үндсэн булшны малтлагыг зургаан метрийн гүнд болгоод тухайн жилийн малтлагаа дуусгасан. Өмнө нь 2002-2007 оны хооронд Монгол, АНУ-ын хамтарсан шинжилгээний анги уг дурсгалт газрын дэвсгэр зураг үйлдэж, нийт булшийг бүртгэн баримтжуулсан байна. Уг баримтад язгууртны 188 булш, түүнийг дагалдах дагуул булштайгаа нийт 300 гаруй булш бүртгэсэн. 2011 онд хадгалалт сайтай тоногдоогүй байх магадлалтай дараагийн булшийг сонгон авсан нь 189-р булш байв. Энэ булш бүртгэлд байхгүй байсан учир археологичид язгууртны 189-р булш гэж дугаарлаад, малтаж эхэлжээ. Тэд одоогийн байдлаар энэхүү "Гол Мод 2"-ын дурсгалт газар язгууртны булш дөрвийг, дагуул булш 40 гаруйг малтан судлаад байна.

Монголд 1924 оноос хойш Хүннү язгууртны булшны судалгаа эхэлсэн байдаг. Саяхныг болтол тоногдоогүй язгууртны булш байгаагүй аж. 2019 онд Улаанбаатар их сургуулийн археологчид 15 метрийн урт, 9 метрийн өргөнтэй язууртны жижиг булш малтсан. Үүнийг тэд аравдугаар булш гэж нэрлэжээ. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй ба булшийг малтахад 4.80 см-ээс гүний оршуулга нь илэрчээ. Тухайн язгууртан хүнд дагалдуулсан эд өлгийн зүйлс бүгд байсан байна. Оршуулгын зан үйлд тэрэг эвдэж хийжээ. Тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан байв. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог аж. Булшны оршуулгын хэсгээс дунд эргэм насны эрэгтэй хүнийг оршуулсан байх ба морин тэрэгний хударга, хөмөлдөргөний чимэглэл, духавч зэргийг дагалдуулан тавьжээ.


Үүнээс гадна уг нас барагчийн толгойн оройн хэсэгт бэлгэдлийн жижиг титэм байсан юм. Хэмжээний хувьд их жижиг, дөрвөн талтай, чулуун шигтгээтэй алтан титэм. Гавлын хажуу талд мөнгөн суурин дээр мөнгөн бөгж тавьсан байжээ. Эдгээр олдворууд бол тухайн нас барагчийн зэрэг дэв, зиндаатай холбоотой. Хүннү гүрэн 300-гаад жилийн түүхтэй. 

Монгол болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр археологийн судалгаа явуулахад нийт арав гаруй мянган булш оршуулга бүртгэгдсэн. Археологчид Хүннү гүрэнд хүн болгоныг оршуулдаггүй, зөвхөн зэрэг дэв, зиндаа, эрх мэдэлтэй хүмүүсийг оршуулдаг байх магадлалтай гэж үздэг байна.


Холбоотой мэдээ