Гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаас хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 11:58:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн хэргийн яллагдагч, сэжигтнийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг байдлыг өөрчилсөн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар нар өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.


Дэлхий нийтэд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах, нотлогдоогүй бол цагаатгах шийдвэр гардаг. Харин Монгол Улсад гурав дахь шийдвэр гардаг нь мөрдөн байцаалтад буцаах асуудал юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад буцааснаар олон хэрэг замхардаг, хуулийнхан авлига авдаг асуудал үүссэн байна гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “Хуулийн байгууллага гэмт хэргийг шалгахдаа эрүүдэн шүүдэг, удаан хугацаагаар мөрдөн байцаадаг, авлига авдаг асуудал байж магадгүй тул энэ хуулийг баталлаа. Хуулийг баталснаар хэргийг зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед л мөрдөн байцаагчид буцаана. Энэ үе шат бол тухайн яллагдагч, сэжигтэнд эрх үүргийг нь танилцуулсан байна уу, эрүүдэн шүүсэн байна уу, өмгөөлөгчтэй хамт байцаасан уу гэдгийг тусгайлан шалгадаг. Харин бүх нотлох баримт цугларч, хуулийн дагуу явсан хэргийг л шүүх гэм буруугийн шатанд шилжүүлдэг болох юм. Ингээд гэм буруутайг нотолбол ял ногдуулна, нотолж чадахгүй бол цагаатгана” гэлээ.


Энэ хуулийг баталсан нь эрх зүйн салбарынхны сэтгэлгээнд том өөрчлөлт, хуулийнханд их хариуцлага бий болно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар онцоллоо. Тэрбээр, “Хэргийг буцаах юм чинь гэсэн байдлаар прокурор дутуу шалгадаг, шүүгч нь ч хэлэлцэж байхдаа буцаагаад дахиад оруулаад ир гэдэг асуудлыг хөндөхгүй болж байна. Сэжигтнийг цагаатгахуйц нөхцөл байдалтай байхад заавал буруутгах гэж байгаа юм шиг мөрдөн байцаалтад буцаадгаа болино. Өмнө нь мөрдөн байцаалтад олон буцааснаар энгийн иргэд хамгийн их хохирол амсаж, бизнес эрхлэгчид дампуурах асуудал үүсдэг байсан” гэлээ.

Холбоотой мэдээ