Төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр байгуулахгүй байх тогтоолын төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 14:45:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр байгуулахгүй байх тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Батшугар, Х.Ганхуяг нарын есөн гишүүн өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Энэ тогтоолийн төсөлд төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр байгуулахыг хориглохоос гадна одоо байгаа байгууллагуудын тайланг ил тод болгож, боломжтой компаниудын хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах заалт тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээлэв.


Тэрбээр, “Монголын стратегийн орд, хөрөнгөд үндэслээд барууны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компаниуд хуулийн хүрээнд Монгол Улсын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах ёстой. Тиймээс энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг шаардсан заалтыг мөн оруулсан. Бид ДНБ-ийн 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг гэж боддог ч төрийн өмчит компани болон төсөв нийлээд 60 хувийг эзэлдэг болсон байна. Төрийн аж ахуйн нэгж бий болохоор асуудал үүсдэг. Хөгжлийн банкны жишээ юуг харуулж байна вэ гэхээр авлига, хамаатсан садан, танил талдаа гэрээ өгч, төрийн мөнгийг хувьдаа шилжүүлдэг арга хэзээ ч зогсохгүй. Тиймээс эдийн засагт хувийн хэвшлийг баттай хамгаалах ёстой” хэмээв.

Холбоотой мэдээ