Ховд аймгийн есөн гайхамшиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-06 13:15:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт, үзэсгэлэнт газруудаас “Есөн гайхамшиг” хэмээгдэж буй есөн газрын тухай мэдээллийг онцлон танилцуулж байна.    


1. Сэнхэрийн агуй


Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг.

Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсан ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуйг олоход хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ. Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай. Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино.

Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Их агуйн аман дээр овоо босгосон байна. Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээдэг бололтой, агуйн ам орчмын ханыг халтартуулсан байна. Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр.

Анх Хойд цэнхэрийн агуйн эдгээр гайхамшигт зураг дүрслэл Ховд аймгийн Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээллэжээ.


2. Хар- Ус нуур


Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан.

Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна.

Байгалийн цогцолборт газрын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3688 м өндөр өргөгдсөн Их буурал уул (Жаргалант хайрхан уул) бөгөөд хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 1139.4 м өргөгдсөн Жанжин овоо юм. Нийт талбай 850.2 мян.га, урт нь 115 км, хамгийн өргөн газартаа 137 км хүрнэ. Байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Манхан, Буянт, Мянгад, Дөргөн, чандмань сумын нутгийн тодорхой хэсэг хамрагддаг. Одоо Хойт далай нуурын усны хамгийн гүн 1.8 м-ээс хэтрэхгүй байна. Бусад арлууд тэгш нам гадаргатайн дээр бүхэлдээ намагшиж зэгс зэрэг цоргот ургамал шигүү ургасан байна.

Энд хун, бор галуу, төрөл бүрийн цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, нэн ховордсон хотон зэрэг шувууд зусна. Хар-Ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш цэнгэг устай нуур юм. Хамгийн их гүн нь 4.4 м, дундаж гүн нь 2.0 м юм. Хар ус нуурын хотгор тектоник үүсэлтэй боловч удаан хугацаанаа ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ.

Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн.

Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.


3. Мөнххайрхан уул


Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг.

Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино.

Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.

Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг.

Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.


4. Баянзүрхийн буган хөшөө


Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий.Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг.

Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байдаг.


5. Төрийн тахилгат Алтан хөхий уул

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Энэ уул нийт 90,735 га хамран орших Алтан Хөхий уулыг 2010 оны УИХ-ын 6-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтынд байгалийн нөөц газрын ангиллаар авсан байна. Монголын төхийн тахилгат Алтын Хөхий уул нь Монгол Алтай болон Их нууруудын хотгорын заагт цөлөрхөг хээр, цөлийн бүс рүү түрэн орж орших бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам уулс, бэл, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг олон ялгаат экосистем зэрэгцэн оршино. Уг нөөц газарт өндөр уулын босоо бүслүүрийн үндсэн хэв шинж болох тагт өндөрлөг уулын хээр, уулын нуга, бүсийн хэв шинж болох хээржүү цөл, татмын нуга, шугуй, бөөрөг элс зэрэг түгээмэл болон өвөрмөц шинжийг агуулсан экосистем тохиолдоно. Алтан Хөхийн уул нь далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000м-т орших ба хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн.

Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ. Энэхүү экосистемийн өвөрмөц төлөөллийг хамгаалах, мөн Монгол төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн амьтад, идлэг, шонхор, ямаан сүүлт нугас, борцгор хотон, жороот тоодог зэрэг шувууд, Азийн шар минж, хадны суусар, зэгсний гахай, Алтайн хойлог, гургууль, хулан жороо зэрэг ховордсон амьтдыг хамгаалах зорилготойгоор тусгай хамгаалалтанд авсан.

Алтан Хөхийн уулын ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг. Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.


6. Харуул овоо


Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэж иржээ. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг.

Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм.

Дурсгалын нэрний байдлаас авч үзэхэд уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан болох нь тодорхой байна. Нутгийн ард олны дунд уг дурсгалтай холбоотой домог ярианы хэд хэдэн хувилбар байдаг. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм. Энэхүү дурсгал нь Монгол орны говийн бүсэд өргөнөөр тархсан харуулын шивээний нэг хувилбар бөгөөд эдүгээ 40 орчим тооны шивээ бидний судалгааны бүртгэлд байдаг. Харуул овоо хэмээн нэрийдсэн хэрэглэгдэхүүн нь харуулын байгууламж бөгөөд ямарваа довтолгоо аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал утаа, дуу, буухиа бусад хэрэгсэл, хэрэглүүрээр дохио өгөх, тулааныг ажиглах зориулалтай дурсгал мөн.

Эл овооны тухай нутгийн олны дунд олон аман яриа, домог байдаг.

Түүхийн нэгэн цагт эдүгээ Харуул овоо сүндэрлэн байх нутагт цаг төр үймэж, өвчин тахал дэлгэрч түмэн гамшиг тохиолджээ. Энэ зовлон бэрхшээлийг гэтлэх арга замыг асуулгахаар Тангад нутагт элч илгээжээ. Тангадын мэргэчүүд танай нутгийн нэгэн сайн эрийг амьд дээр нь бунхлан оршуулваас энэ гай зовлон арилах юм байна хэмээн хэлжээ. Явсан элч буцан ирж хаандаа энэ тухай айлтгахад хаан шадар жанжингуудаа цуглуулан энэ тухай хэлж та нарын аль нэгийг нь бунхлан оршуулахаас өөр аргагүйд хүрлээ гэхэд баатар жанжингууд нь бараан царайлан чимээгүй сууцгаав. Тэгтэл хааны ач хүү нь нутаг хошуугаа аюул гамшигаас аврах юм бол би бунхлуулья гэжээ. Хаан үүнийг сонсоод ихэд цочирдсон боловч нутаг орныхоо амар амгалан, эрүүл энхийг эрхэмлэн ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгохоор зарлигдав. Ингээд ач хүүг хайртай хүлэг морь, өвч бүрэн зэвсэгтэйгээр харуул овоон дотор амьдаар нь бунхалжээ. Бунхлуулсан хааны ач хүүгийн дуулж байх нь гурван өдөр, гурван шөнө бунхан дотроос сонсогдсоор чимээ алдарсан гэдэг. Харуул овоог барихдаа Булган голоос харуул овоо хүртэл хүмүүс цувран зогсож суулгатай /хувинтай/ усыг дамжуулан овоог барьж буй газарт хүргэсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Харуул овоог нутаг усаараа хүндэтгэн хэн ч хөндөлгүй өдийг хүржээ.

Бас нэгэн домогт: Урьд цагт Жаргалан хэмээх эл нутаг нь Их хааны харуулын албыг гүйцэтгэдэг байсан захчин ястны өлгий нутаг юм. Тэр үед урд, хойд Жаргалантын уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байжээ. Тэр цагт уугуул нутгийн айлын ганц хүү нутаг усаа сайтар хамгаалсаар насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахад хошуу ноён зарлиг гаргаж түүний унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуул овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсч зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргаж барьсан гэсэн аман яриа байдаг. Энэ цагаас эхлэн энэ овоог Харуул гэх болжээ.


7. Ямаан усны хадны сүг зураг


Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.

Анх 1973 онд Ховд, Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22 газарт түрэг бичээс байгаагийн нэг нь энд байдаг.

Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.

Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны зургуудын дотор чухал байр эзэлнэ.

Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.


8. Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар


Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинж бөгөөд судлаачдын тооцоолсноор тус орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг.

Гадаргын усаар элбэг боловч газар доорх усны ач холбогдол нилээд их юм. Цамбагаравын нуруунаас эх авсан голууд нийлээд Ховд голд цутгадаг. Мөсдлийн гаралтай цэвэр цэнгэг нуурууд болон олон тооны булаг шанд, рашаануудтай.

Цамбагарав уулын БЦГ-ын нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн хойт бөмбөрцгийн хойт хагасын дундат өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай.

Цамбагарав уулын БЦГ-ын орчимд жилийн агаарын дундаж температур / 2000 м-ээс дээш / - 2.0 С хэмээс, - 4.0 С хэм, 2000 м хүртэл өргөгдсөн газар нутагт -1.5 С хэм, -3.2 С хэм байна. Өвөл 1,2 дугаар сард хамгийн хүйтэн буюу агаарын дундаж өндөр газарт -19 С хэм, -25 С хэм. Жилийн хамгийн дулаан нь 6,7 дугаар сард ажиглагддаг ба дундаж нь +10 С хэм, +15 С хэм, үнэмлэхүй их утга нь +18 С хэм, +20 С хэм байна. Өндөр ууланд жилийн 234- 255 хоногт нь хүйтэн байдаг.

Амьтдаас ховордсон аргаль, янгир, ирвэс болон тарвага, зурам, чоно, үнэг, суусар, цагаан үен, хярс зэрэг амьтад нилээд өргөн тархдаг. Шувуудаас хойлог, ятуу, харцага, тас, бүргэд ихтэй. Ирвэс, аргалийг эко бүс нутагийн бэлэг тэмдэг болгон авч үздэг. Эдгээр ховор амьтад нь даян дэлхийн биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад онцгой үнэ цэнэтэй бөгөөд тусгай хамгаалалтын дор байлгах шаардлагатай хэмээн дэлхий олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Цамбагарав уулын БЦГ нь Евразийн хээрийн муж Алтайн уулын хээрийн хошуу, Монгол-Алтайн хээрийн тойрогт хамаардаг бөгөөд энэ тойрогт 1020 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэний дотор 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Дундаж өндөр уулсын хажууг дагаж ботуульт, ботууль-жижиг дэгнүүлт үетэн, алаг өвст хээртэй, биелэг өвс, ботууль, ерхөг, дааган сүүл зонхилж, шивээт хялгана, агь бүхий хээр ч тохиолдоно. Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, хойхнуур өдлөг хялгана, таана, баглуур, шарилж зэрэг цөл, цөлөрхөг хээрийн ургамал тааралддаг. Энд Монголын улаан номонд орсон устаж болзошгүй болон хөнөөгдөж байгаа алтан гагнуур, дөрвөлсөн мүгэз, зэрлэг сонгино, вансэмбэрүү, балчингарав зэрэг ургамлаас гадна таван салаа, лантанз, агь, хөмүүл, мангир зэрэг эмийн ургамал ургадаг.

Уулын хээр, өндөр уул, цөлийн зарим элемент холилдон ургах нь элбэг, зарим судлаачид “плейстоцены ургамлын аймгийн цогцолбор” гэж нэрлэдэг. Энд Хар тэнгис, Казахстан орчмын зарим элементүүд тохиолддог онцлогтой. Баруун хойт талаар Алтайн өндөр уулын хуурайсуу-хүйтэнсэг элементүүд зонхилно. Тэнгэр уулын элементүүд уулсын хаяа, энгэрээр тархсан ба Зүүнгар, Тураны элементүүд ч тааралддаг онцлогоороо Ховдын тойргоос ялгагдана.

Эртний хүмүүсийн соёл иргэшлийн нэгэн гайхамшигт бүтээл болох хад, чулуун дээр улаан зосоор зурсан сүг зургууд ба хаданд сийлж зурсан ан амьтан, хүний дүрс бүхий сүг зургуудаас гадна элдэв тамга, тэмдэг, үсэг зурлага Алтайн нуруунд элбэг. Эрдэнэбүрэн сумын нутаг нь ойрадын хаан Галдан Бошигтын уугуул нутаг билээ. Мөн Ямаатын эх орчмоор хадны сүг зураг, хиргисүүр нилээд бий.

Цамбагаравын нурууг тусгай хамгаалалтад авснаар Монгол Алтайн мужийн мөнх цас, мөсний ландшафтыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. 2004 оноос хойш Цамбагарав уулын БЦГ-т аялал жуулчлалаар ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.


9. Ишгэн толгойн хадны зураг


Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ. Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ.

Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой. Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм.

Ишгэн толгойн хадны нийт 150 дүрс сийлснээс: хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтны дүрс 53 байна. Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий талыг хүрээлэн цохиж гаргах бүх талбайг хонхойлгон цохих хоёр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар хуулбарлаагүй харин онцлог шинжийг цохон урлахын зэрэгцээ янгирын махир эврийг гоёмсог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад, аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхралдуулан махирлуулсан байна. Амьтдыг дүрслэх дээрх үндсэн хоёр барилаас гадна сонирхууштай өөр онцлог барилууд ч энд ажиглагдана.

Тухайлбал амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийн бүх талбайгаар хонхойлгон дүрсэлснээр Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга болохыг бид олонтаа мэдэж болно. Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргахдаа түүний зүрхний харалдаа хонхойлгон цохисон хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлгосон байх нь олонтаа бөгөөд ийм барил чандмань хар үзүүрийн зурагт басхүү тогтмол ажиглагдана. Түүнчлэн ишгэн толгойн, Чандмань, Хар үзүүрийн хадны зургийн аль алинд нь том адууны дэргэд жижиг адуу (унагатай гүү) дүрсэлсэн жишээ болон энэ хоёр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй тул нэгэн үед хамаарах нь тодорхой.

Харин Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон барил буйг тэмдэглүүштэй. Дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг ийнхүү дутуу орхисон зураг Хойд цэнхэрийн агуй дахь Палеолитын зосон зурагт бас элбэг дайралдана. Мон түүнчлэн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой, Хойд цэнхэрийн агуйн зурагт маш адилхан зурсан ба аль алинд нь 2 бөхтэй тэмээний дураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нэлээд хэд буй нь Палеолитын урлагт гарч буй шинэ зүйл бус юм. Байгаль нуурын чанадад Мальтамин палеолитын дурсгалаас олдсон арслан зааны соёогоор хийсэн ялтсан дээр гурван могойн хамт нэг дор мөн тусад нь сийлсэн могойн дүрс ч байдаг. Амьтны хүйсний харалдаа доор(зууван) тэмдэг дүрсэлсэн зураг Европ тивээс нэлээд олдсон бөгөөд манай хөрш зэргэлдээ Лена мөрний Эх Шишкиний хясааны палеолитын үед холбогдох зурагт ч бас байдаг.

Ялгагдах тал нь Шишкиний хясаанд адуу үхрийн дүрс тэмдгийг зосоор зурсан байхад Ишгэн толгойн хаднаа адуу, үхэр, бугын дүрс тэдний доорх тэмдгийг хонхойлгон сийлсэн байна. Палеолитын урлагт амьтны хүйсний харалдаа доор дүрсэлсэн тэмдгийг судлаачид “эм амьтны хүйс, амьтдын үржлийг бэлгэдсэн тэмдэг” хэмээн тайлбарладаг. Ишгэн толгойн хадны зураг, Чандмань хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв зохиомж , дүрсэлсэн арга барил бүх талаараа адил. Хойд цэнхэрийн агуй, Шишкиний хясааны дээд палеолитын үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр арга барил, дүрсэлсэн амьтад зэргээс эдгээр зургийн он цагийн дээд палеолитын үеэр тогтсон байна.

Холбоотой мэдээ