Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-08 12:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын талаар багц бодлого хэрэгжүүлэх болжээ.


Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын багийг Шадар сайд С.Амарсайхан ахалж буй юм. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд уг ажлын багийн өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлыг танилцуулсан байна.


Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлийн хурал хийхдээ, “Урт хугацаанд хяналт сул байсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг хяналтын хатуу тогтолцоонд оруулж, нарийн зохицуулалттай болгоно. Мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, савлах, баглах зэрэг хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх шатанд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай байна. Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйлдвэрүүдэд эрүүл ахуйн шаардлага, стандарттай холбоотой асуудал олон гарсан. Тиймээс энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжээс зөрчил гаргасан 16 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа. Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох ажлыг энэ оныг дуустал зогсоолоо. Улмаар мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл бүх үйл ажиллагааг стандартчлах зохицуулалтыг Засгийн газрын хурлаар баталлаа. Энэ  стандартыг мөрдүүлэх ажлыг шуурхай эхлүүлнэ. Уг стандарт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх үйлдвэрт хамаатай. Түүнчлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулж, шинэ стандартыг хуульчилна. Цаашид нийслэлд ажиллаж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг нийслэлээс үе шаттай гаргаж, нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн парктай адил болгох ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ.


Мөн тэрбээр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавих хяналт, шалгалтын ажил цаашид үргэлжилнэ гэдгийг онцоллоо. Ингээд тэрбээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нарын хамт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.


-Эмээлтэд байгаа мах боловсруулах үйлдвэрүүдийн хэд нь дотоодын хөрөнгө оруулалттай байна вэ?

-Шадар сайд С.Амарсайхан: Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх, боловсруулах 173 үйлдвэр байна. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах, экспортлох зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгж байна. Цаашдаа Монгол Улс хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахын тулд дотоодын стандартаа мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах ёстой. 


-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Монгол Улсад мах, махан боловсруулахтай холбоотой олон стандарт байсан. Үүнээс хаягдсан буюу хэрэгждэггүй олон зохицуулалт байсан. Энэ бүхнийг нэгтгэж, нэгдсэн стандартыг гаргаж байгаа юм. Тэгэхээр чанарын удирдлагын тогтолцоог ахиулж байна гэж үзэх нь зөв. Монгол хүний хэрэглэж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно гэсэн үг.


Монгол Улсаас БНХАУ руу мах экспортлох эрх бүхий 15 аж ахуйн нэгж байгаа. Үүний 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Дөрөв нь дотоодын аж ахуйн нэгж байна. Хөрөнгө оруулагч нь хэн байхаас үл хамаараад Монгол Улсын хууль тогтоомж, шаардлага, стандартыг хангаж ажиллах ёстой. Засгийн газар энэ байр сууриндаа хатуу байх болно.


-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хянах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу?

-МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Хариуцлага бол шат шатандаа явж байгаа. Хуулийн хариуцлага ч бий. Манай МХЕГ-ын дотоод хяналт шалгалт байнга ажилладаг. Эмээлт дэх махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд манайх дотодын хяналт шалгалт хийсэн. Ингээд яг тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байсан байж болзошгүй гэж үзсэн. Тиймээс МХЕГ-аас Төрийн албаны тухай хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Ингээд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх юм. Дараа нь НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана.

Холбоотой мэдээ