Сарлагийн ширийг тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-15 12:17:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байгаа. Энэ хүрээнд сарлагийн шир боловсруулах үйлдвэрлэлийн кластерийн чадавхийг бэхжүүлэх төслийг нээв. Энэ үеэр төслийн ерөнхий бүтэц, сарлагийн шир, арьс ширний техник, нийт өртгийн сүлжээ, өнөөг хүртэл хийсэн урьдчилсан үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Төслийн онцлог нь сарлагийн арьс ширийг боловсруулах үйл явцыг тогтвортой үйлдвэрлэлтэй уялдуулан холбож буйд оршиж байна.




Тодруулбал, төслөөр сарлагийн ширийг боловсруулах явцад үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах юм. Мөн нөөцийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн арга барилыг нэвтрүүлэхэд ургамлын идээлгээр боловсруулсан сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний кластерийн чадавхыг бэхжүүлэх юм.

МҮХАҮТ, Грек улсын European Profiles S.A-тай хамтран зохион байгуулсан төслийн нээлтэд Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никэйз, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, төслийн хамтрагч байгууллагууд Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төлөөлж "Брэнд гутал" ХХК зэрэг төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл оролцлоо. Дээрх төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.




Ташрамд дурдахад Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ байгуулагдан чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудад зориулсан 9 багц сургалт, семинар зохион байгуулж буй. Энэ хүрээнд дурдсан кластерийн бүтээгдэхүүнийг Европын холбоо руу экспортлох үйл ажиллагааг сайжруулах юм.

Холбоотой мэдээ