Улсын хэмжээнд 23.7 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-20 15:30:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон төллөх насны 30.8 сая хээлтэгч малын 24.1 сая (78.2 хувь) нь энэ оны эхний 5 сард төллөжээ.


Эм хонины 82.4, эм ямааны 79.2, үнээний 61.4, гүүний 55.9, ингэний 37.6 хувь нь төллөлөө. Гарсан төлийн 98.2 хувь буюу 23.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 4.8 (25.6 хувь) саяар  нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Улсын хэмжээнд нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 5 сард 188.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (89.8 хувь) саяар багаслаа. Харин 5 дугаар сард 59 мянган мал хорогдсон нь эхний 5 сарын хорогдсон малын 31.3 хувийг эзэлж байгаа бол 4 дүгээр сард хорогдсон малынхаас 3.3 (5.3 хувь) мянгаар багасжээ. Нас гүйцсэн малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 80.3, ямаа 78.7, үхэр 17.5, адуу 11.7 мянга, тэмээ 204-өөр хорогдсон аж. Нийт хорогдсон малын 42.6 хувийг хонь, 41.8 хувийг ямаа эзэлж байв. Энэ оны эхний 5 сард Архангай аймагт 32.5 (17.2 хувь), Хэнтий аймагт 31 (16.4 хувь), Хөвсгөл аймагт 17.7 (9.4 хувь), Увс аймагт 16.5 (8.8 хувь), Төв аймагт 15 (8 хувь) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 59.8 хувийг эзэлжээ.


Өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд тоолсон 30.8 сая эх малын 50.3 мянга (0.2 хувь) нь энэ оны эхний 5 сард хорогдлоо. Хөвсгөл, Увс, Төв, Архангай, Хэнтий аймагт хээлтэгч мал 3.9- 11.7 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 62 хувийг эзэлж байв. Харин 3.3 мянган хээлтүүлэгч хорогдсоноос ухна 1.3, хуц 1.3 мянга, бух 469, азарга 238, буур 5 байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард 11.8 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (69.4 хувь) мянгаар нэмэгджээ. 


Хорогдсон нас гүйцсэн малын 91.3 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох шалтгаантай байсан бол 2.4 хувь нь аюулт үзэгдлээр, 6.3 хувь нь өвчнөөр хорогдсон аж.

Холбоотой мэдээ