Зам талбайн тохижилтын ажил ирэх сарын нэгэнд бүрэн дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-21 15:24:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд зам тохижилтын ажлын хүрээнд 6000 мкв талбайд явган зам, 7330 мкв талбайд эко хавтан тавихаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд орон нутгийн  есөн ААН-ээс 270 гаруй сая төгрөгийн бараа материал буюу явган зам, эко хавтанг аймаг орон нутаг худалдан авч, ажилгүй байсан 120 хүнийг зохион байгуулалтад оруулан 11 бригад болгож, тохижилтын ажлыг гүйцэтгүүлж байна.

Баянхонгор сумын 12 байршилд тавьж буй явган зам, эко хавтангийн ажлын явцтай Засаг дарга Д.Мөнхсайхан танилцаж, холбогдох газрын удирдлагуудад зарим чиглэлийг өглөө. Мөн үеэрээ, "Эмх цэгцтэй эрүүл өнгөлөг хоттой болохын тулд иргэн, үйлдвэрлэгчдээ  бодлогоор дэмжиж байгаа"-гаа аймгийн Засаг дарга онцолж байлаа. 

Байршлын хувьд, “Чандмань Баянхонгор” ХК-ийн зүүн тал, Нэгдэлчин зочид буудлын 4 замын уулзвар, Динозавртай паркаас Хотын захиргааны арын зогсоол хүртэл, Их богд авто засвараас МХГ-ын баруун тал хүртэл, Эрдэнэт хивс дэлгүүрийн урд зогсоол, "Хаш шоо" ХХК-ийн арын талбайд нийт 1520мкв эко хавтан, 1900мкв явган зам тавьж дууссан бол "Цэлмэг өглөө" ХХК-ийн байрнаас Дөрөвдүгээр цэцэрлэг хүртэл, Цэнгэлдэх хүрээлэн, Саятан салоны урд талбайн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж төлөвлөлтийн дагуу энэ сарын 24-нд дуусах юм.

Мөн Оготнотой булаг, ХХААГ-аас Модерн төв хүртэл, Титэм дэлгүүрийн хойд талд тавигдах зам талбайн тохижилтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Эдгээр ажлуудыг ирэх сарын нэгэн гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ