Сайд З.Мэндсайхан эрчимжсэн мал аж ахуйн талаар Францын төлөөлөгчидтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Франц Улс
нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх
чиглэлээр дэлхийд тэргүүлдэг учир тус
улсын эрчимжсэн мал аж ахуйг
хөгжүүлж буй туршлагыг судалж, ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж
ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцлоо. Францын талаас манай орны онцлог болсон
нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтойгоо ч илэрхийлжээ.
Сайд З.Мэндсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх
хөтөлбөр УИХ-аар батлагдсан үетэй өнөөдрийн
уулзалт таарлаа. Манай
улс ирэх 5 жилд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн
бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ ханган, цаашлаад экспортлогч болохоор улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн
цэвэр үүлдрийн 100 мянган үхэр
шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар
болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй. Энэ ажлыг ойрын
хугацаанд ажил хэрэг болгох боломжтой. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг
Европын зах зээлд гаргах сонирхолтой” хэмээсэн юм.
Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын
үзэсгэлэн" Франц улсад 10-р
сард болно. Үзсэгэлэнд Монгол
Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа
нэг шат ахиулахыг урьж, Сайд
З.Мэндсайханд урилгаа гардуулан
өгөв. Энэ үеэр 2013 онд
байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж
бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.
Францаас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан сэтгүүлчид
Сайд З.Мэндсайханаас ярилцлага авах хүсэлт тавьж, Монголд эрчимжсэн мал аж
ахуйг хөгжүүлэх чиглэлээр баримталж,
хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, малын гаралтай бүтээгдэхүүний
экспорт, малын эрүүл мэнд-хүнсний аюулгүй байдал, мал бүртгэлжүүлэлт, мөшгөх
систем зэрэг хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилт, хүнсний ногооны
үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хоршооллыг хөгжүүлэх бодлого, ойрын хугацаанд
экспортлох боломжтой хүнсний бүтээгдэхүүн зэрэг сэдвээр ярилцсаныг ХХААХҮЯ мэдээллээ.