Ф.Маркос Филиппиний 17 дахь ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-30 16:11:41

МАНИЛА. /Reuters/. Филиппиний 17 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Фердинанд Ромуальдес Маркос өнөөдөр Манила хотын Үндэсний музейд ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.


Ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын хүү, өдгөө 64 настай Ф.Маркосын тангараг өргөх ёслолд гадаадын төр, засгийн тэргүүн нар, дипломатчид болон Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Жозеф Эстрада, Глория Макапагал-Арройо нар оролцсон байна.


Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ нэгдмэл байхыг ард түмэндээ уриалаад, хүнсний хангамжийн асуудлыг зохицуулж, дэд бүтцийг сайжруулан бүгдэд үр өгөөжтэй өөрчлөлтүүдийг авчрахаа амлажээ.


Тавдугаар сарын 25-ны өдөр Филиппиний Конгресс Ф.Маркос 58 гаруй хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг мэдэгджээ. Тус улсын Үндсэн хуульд ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогдоно хэмээн заасан байдаг.


Ф.Маркосын засаг захиргаа одоо филиппинчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа ажилгүйдэл, инфляц, гадаад өр болон огцом нэмэгдэж буй хий, газрын тосны үнийг зохицуулах шаардлагатай тулгарч байна.


Өнгөрсөн долоо хоногт Ф.Маркос хүнсний хангамжтай холбоотой асуудал хүнд байгааг харгалзан Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсныхаа дараа Хөдөө аж ахуйн сайдаар түр хугацаанд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ