Триатлоны аваргуудыг Ард койноор урамшуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэсвэр хатуужлын спорт хэмээгддэг триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулна.
Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдах юм. Өнөөдрийн байдлаар 230 гаруй тамирчид “Ард триатлон-2022” УАШТ-д оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байна. Элит, өсвөр үеийн U19 нас, сонирхогчдын Age group ангиллын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн U15 насныхан 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд орно.
Мөн тэмцээний үеэр эхлэн хичээллэгчид, сонирхогчдын дунд Try-Tri ойрын зайн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Триатлоны УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллаж, эхний байрт шалгарсан тамирчдыг Ард койноор мялаахаар болжээ.