Хилийн чанад дахь монголчуудыг эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-05 11:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ.


Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан, нээлттэй, олон тулгуурт гадаад харилцааг эрхэмлэн явуулдаг, бидний сонгож авсан ардчилал, хүний эрхийг дээдэлсэн төр, засаг, засаглалыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, дэмжиж тусалдаг, бид хамтарч ажилладаг, ардчилсан, ийм сайхан улс оронтой ард түмэн.


Олон улсад энхийг сахиулж буй цэргүүдтэй уулзаж явахад тэд, манай эх орон шиг аз жаргалтай, амар амгалан, ардчилсан, эрх чөлөөтэй улс дэлхийд ховорхон юм гэдгийг сануулан хэлж байсныг дамжуулья. Тэд, “Бид хурдан гэртээ харихыг хүсэж байна, монголчууд бид бүгдээрээ ажлаа сайн хийцгээе. Эх орныхоо төлөө хүн бүр хүчин зүтгэцгээе. Ингэж байж улс орон маань хөгжинө” хэмээн хэлж ярьж захиж байсныг энд тэмдэглэн хэлье гэв. Тэрбээр, хилийн чанадад суугаа монголчууд алс холоос эрдэм ном суран, арга технологи, бусад улс орнуудын хөгжлийн сайхан зүйлүүдийг өөрийн бие, оюун ухаандаа шингээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй хэмээн хүсэж, уриалсан юм.


Чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, "Дэлхийн монголчууд-II" цогц үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Тэрбээр, Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг 4 дэх удаагаа зохион байгуулж буйг тодотгож, энэ удаагийнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буйгаар онцлог гэдгийг тэмдэглэв.


Дэлхийн 87 улсад 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч, өөрсдийн чинь хүсэл эрмэлзэл, санаачилгаар эвлэлдэн нэгдэж, холбоо нийгэмлэг зэрэг 180-аад ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж буйг мэдээллээ. Гадаад орнуудад суугаа монгол иргэд эрх ашгаа хамгаалах, эх хэл, түүх, соёл, өв уламжлалаа хадгалах, өвлөлүүлэн суралцахад улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлов.


Чуулганы үеэр дэлхийн 11 улсын 25 хотод нийт монгол 44 сургууль, цэцэрлэг, Хэл, соёлын төв үйл ажиллагаа явуулж буйг мэдээллээ. Мөн 16 улсад Монгол хэл, соёлын сургалтын 41 төв, БНСУ-д Монгол Улсын БШУЯ-ны зөвшөөрөлтэй нэг сургууль ажиллаж, 200 гаруй багш, 1400 гаруй суралцагч хилийн чанадад монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байна. ГХЯ, БШУЯ-наас эх хэл, соёлоо суралцахад дэмжих судалгаа, мэдээллийн нэгдсэн дата үүсгэх, салбар дундын уялдааг сайжруулж, хилийн чанад дахь монгол багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цахим сургалтыг хэрэглэгдэхүүний агуулыг боловсронгуй болгон гадаадын улс орнуудад суугаа Дипломат, төлөөлөгчийн газруудын нөөц бололцоонд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа явуулах боломжийг судалж хэрэгжүүлэхээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар төлөөлөгч нарт мэдэгдсэн юм.


Гадаадад суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монгол иргэдэд тоон гарын үсэг олгох, “Цахим нотариат” системийг Дипломат, төлөөлөгчийн газруудаар дамжуулан нэвтрүүлэх, визгүй зорчих улсын тоог нэмнэ гэв. Энэ онд багтаан манай улс Катар, АНЭУ-тай энэ талын хэлэлцээр байгуулах, Австрали, Чех, Швед улсад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс шинээр нээх аж. 

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Монгол диаспора ба Монгол хүний төлөвшил” сэдвээр, Соёлын сайд Ч.Номин “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн бүс нутаг хариуцсан дэд тэргүүн, Соёл, гадаад сурталчилгааны хорооны дарга Г.Ганзориг “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулья” бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг, “Цахим Өртөө холбоо” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, “Гэрэгэ системс” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулагч Н.Энхжаргал “Монгол орны хөгжилд-Технологийн зөвлөгөөн”-өөс гарсан санал зөвлөмжийг тус тус танилцуулж байна. 

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийгэмд үйлчлэх ТББ хамтран зохион байгуулж, БШУЯ, Соёлын яам, НИТХ, МҮХАҮТ-ын удирдлага, гадаадад суугаа монголчуудын төлөөлөгч нар оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд:

  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулья” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
  •  Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
  • Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн 5 салбар хуралдаан болсон юм.

Өнөөдрийн нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.





Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ