ӨВӨРХАНГАЙ: Унаач хүүхдийн аюулгүй байдалд бүрэн анхаарах үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж сумдын удирдлагуудтай цахим хурал хийж, дараах асуудлаар үүрэг чиглэл өглөө.
- Хурдан морь унаач хүүхдийн амь, аюулгүй байдал, хамгааллын асуудлыг онцгой анхаарч, эрсдэлийн даатгалд заавал даатгуулсан байх, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас бичгээр албан ёсны зөвшөөрөл авсан байх, унаач хүүхдийг хамгаалах иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй уралдуулах;
- Орон нутагтаа зохиож буй овоо, хадагны бэсрэг наадмууд, уралдаан, сунгаа зэрэгт хяналт тавих, албан ёсны зөвшөөрөл олгох, шаардлагатай тохиолдолд цуцлах;
- Сумандаа тарьсан мод бутны ургалт, арчлалт усалгаанд анхаарал тавьж, газар дээр нь явж үзэх;
- Хэт халалт болон усархаг борооны улмаас гол ус үерлэх эрсдэлийг малчид, иргэддээ анхааруулж, заавар зөвлөмж өгөх зэрэг үүрэг чиглэлийг өгөөд байна.
Мөн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал нийгмийн салбарын цаг үеийн ажлууд болон аймгийн баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, Засаг дарга нартай санал солилцлоо.
