Торгоны зам бүлгийн "Мэдээлэл, судалгааны элч" багийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-07 17:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Бирмингем хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаан энэ сарын 2-6-нд боллоо.


Тус хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, тус бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо.


Хуралдааны үеэр салбар уулзалтууд болох Төв Азийн орнуудын төлөөлөгчдийн уулзалт, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Торгоны зам группын уулзалт, Улс төр аюулгүй байдлын ерөнхий хорооны уулзалт, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны ерөнхий хорооны уулзалт, Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх ерөнхий хорооны уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Терроризмтэй тэмцэх түр хорооны уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхий дахинд тулгараад буй олон улсын тулгамдсан асуудлуудаар төлөөлөгчид харилцан санал солилцов.


Монголын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Төв азийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох үеэр Украйнд үүссэн нөхцөл байдал, үүнтэй холбоотой улс орнуудын авч байгаа хориг арга хэмжээ нь бүх улс орон, бүс нутгуудад хүндээр тусч байгааг онцоллоо.


ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн уулзалтын үеэр явагдсан Торгоны зам бүлгийн 7 дугаар уулзалтаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн "Мэдээлэл, судалгааны элч" багийн ахлагчаар томилж ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Хуралдааны сүүлийн өдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчөөр хатагтай Маргарета Кедерфелтийг улируулан сонгосон ба Бирмингем Тунхаглалыг баталсан юм.

Холбоотой мэдээ