УИХ-аас баталсан эрүүл мэндийн салбарын хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
gantuya@montsame.mn
2016-08-11 13:55:54

Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамны удирдлагууд салбарынхаа ажилтнуудыг өчигдөр хүлээн авч уулзаж, санал солилцжээ. 

Уулзалтад эрүүл мэндийн салбараас 700 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх талаар харилцан санал, бодлоо солилцсон байна. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ үеэр “Салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, УИХ-аас 2016 онд баталсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх цаг үе ирээд байна. Эдгээр хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор түргэн тусламжийн, сувилахуйн, сэргээн засахын болон хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, эмнэлгийн засаглалыг хагас бие даасан хэлбэрт шилжүүлэх зэрэг чухал ажлууд бидний өмнө байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнээр үзүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт дэвшил гаргах зорилгоор төгсөлтийн дараах сургалтын тогтолцоонд шинэчлэлт хийж, чанарыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагуудын оролцоо, хариуцлагыг  нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна" гэсэн юм.

Мөн Засгийн газраас эрүүл мэндийн ажилтны урамшуулал, нэмэгдлийг ажлын гүйцэтгэл, ачаалалтай уялдуулах, нийгмийн баталгааг өнөөгийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байлгах зэрэг зорилгоор “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх болсоныг онцлов.  

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 30 гаруй хүнийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол  тэмдгээр шагнаж, ГССҮТ-д бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машин олгожээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ