Фетулла Гуллены террорист байгууллага ОХУ-Туркийн харилцаанд хагарал үүсгэх зорилготой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-11 15:25:13

АНКАРА. /Anadolu/. Фетулла Гуллены террорист байгууллага болон түүний толгойлогчид Турк, ОХУ-ын харилцаанд хагарал үүсгэхийг оролдож байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.

"Мягмар гарагийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Санкт-Петербург хотын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Фетулла Гуллены террорист байгууллага болон тус байгууллагын толгойлогчид хоёр улсын харилцаанд хагарал үүсгэх зорилготой байсныг сайн ойлголоо" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр улсын харилцаа муудсан билээ. Үүний дараа Туркийн Ерөнхийлөгч зургадугаар сарын 29-нд Путин руу илгээсэн илгээлтдээ болсон хэрэгт уучлалт хүсч, улмаар хоёр улсын харилцааг сэргээх эхлэл тавигдсан юм.

Харин Путиний хувьд долдугаар сарын 15-нд Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэж, Засгийн газрыг дэмжиж байгаагаа мэдэгдээд, энэ үеэр амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ