Олон улсын моно жүжгийн фестиваль болно
МОНГОЛЫН МЭДЭЭ"Ялагчдын цуваа-Улаанбаатар" олон улсын моно жүжгийн фестивальд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан "Би Эдит Пиаф байна" жүжгээ толилуулна.
Энэхүү фестиваль энэ сарын 15-19-нд Улсын драмын эрдмийн театр болон Улсын хүүхэлдэйн театрт болох бөгөөд Польш, Армени, ОХУ, Английн жүжигчид өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ сонирхуулах юм.
Энэ өдрүүдэд болох жүжгүүдийг танилцуулж байна. УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" 15-ны 19 цагт, Польшийн жүжигчин Виолетта Комар "Дива" 16-ны 19 цагт, Армений жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" 17-ны 19 цагт, ОХУ-ын жүжигчин Наталья Носова "Би нохой" 18-ны 19 цагт, Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" жүжгээ 19-ний 19 цагт тус тус толилуулна.
Дашрамд сонирхуулахад, Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл Эртний Грекээс эхлэн хөгжиж 1700-аад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.
2014 онд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Олон улсын Моно жүжгийн фестивалиас Гран при шагналыг анх удаа эх орондоо авчирсан юм. Түүнийг "Би Эдит Пиаф байна", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё", "Домогт Ану хатан", "Чөлөөт хос" зэрэг олон жүжиг, дэлгэцийн хэд хэдэн бүтээлээр нь үзэгч олон таних бизээ.
Д.Өлзий