ХОВД: Үер, усны ослоос сэргийлж, хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-09 18:44:11

Ховд /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 хүүхэд өртсөнөөс 499 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан гэх мэдээлэл байна.


Гамшгийн эрсдлийг бууруулахад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал. Аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулж гол, нуур, тогтоол усанд орхих зэрэг шалтгаанаас үүдэн хүүхэд усанд орж амь нас эрсдэх тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг аж.  


Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, үер усны аюул, эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж, онцгой байдлын байгууллагаас хэд хэдэн зөвлөмж гаргажээ. 


Тухайлбал, “Иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх”-ийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.  


                                  Завьт эргүүл ажиллаж байна

Ховд аймгийн төв, Жаргалант сумын айл өрхүүд Буянт голоо даган зусланд гардаг онцлогтой. Буянт гол дагуу жилдээ 850-1200 орчим айл өрх зусдаг бол энэ жилийн тухайд 1680 айл өрх зусланд гарчээ.    


Зуны саруудад Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд  Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  Буянт гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг иргэдэд хүргэж, хяналт тавин ажиллаж байна.


Ховд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар усны осолтой холбоотой 1 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 1 иргэн гол, усны ослоос болж амь насаа алджээ. Мөн өчигдөр \2022.08.08\ усанд осолдсон байж болзошгүй гэх дуудлагын дагуу эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч үүрэг гүйцэтгэж,  2 настай хүүхдийг олж, болзошгүй эрсдэлээс хамгаалжээ.


Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газраас тодорхой төлөвлөгөө гаргаж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийхийн зэрэгцээ тараах материал олгож байна. 

Холбоотой мэдээ