ХОВД: Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 20 гаруй хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-24 16:29:03

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бол Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төсөл юм.

Төслийн бүтээн байгуулалт одоогийн байдлаар 22 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд уг ажлыг “Пауэр Чайна” компани гүйцэтгэж байна.

Станцын барилга угсралтад өнөөдрийн байдлаар 320 хүн ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь орон нутгийн иргэд юм. Ажлын цар хүрээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ажиллах хүчний тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, ирэх зун гэхэд 600-д хүргэхээр төлөвлөжээ.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын баг энэ сарын 23-нд Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилга, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэд төслийн бүтээн байгуулалт ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа талаар мэдээлэв.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц нь Ховд гол дээр, Шижигтийн хавцалд, Ховд аймгаас 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км зайд байрлах юм. Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.  



Холбоотой мэдээ