ГОВЬ-АЛТАЙ: Д.Пүрэвдагва: Зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлүүлээд байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-17 19:49:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг судалж, дүн шинжилгээ хийх ажлыг долоодугаар сард зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд зөрчлийн болон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Пүрэвдагваас тодрууллаа.

-Он гарсаар Говь-Алтай аймгийн хэмжээнд зөрчлийн шинжтэй хэдэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бэ. Шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-2022 оны эхний хагас жилийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх бүхий найман байгууллагаас зөрчлийн талаарх 1273 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 377 буюу 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэлтээр нь авч үзэхэд 147 буюу 11.5 хувийг хүлээн авахаас татгалзаж, 832 буюу 65.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулж, 268 буюу 21 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 10 буюу 0.8 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,9 буюу 0.7 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тус тус шийдвэрлэснээр хяналт тавьсан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 99.5 хувьтай байна.

-Тэгвэл мөн хугацаанд зөрчлийн нийт хэдэн хэрэгт хяналт тавив. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөв үү, буурав уу?

-Дээрх хугацаанд зөрчлийн 270 хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд шалгасан байгууллагуудаар нь авч үзвэл аймгийн Цагдаагийн газар 260, Мэргэжлийн хяналтын газарт 8, Татварын хэлтсийн 1, бусад байгууллага 1 хэрэгт тус тус зөрчлийн хэрэг бүртгэлт явууллаа. Хяналт тавьж ажилласан зөрчлийн хэрэг өмнөх оноос 30 буюу 12.5 хувиар өссөн байна.

Энэ оны эхний хагас жилийн хугацаанд хяналт тавьж ажилласан зөрчлийн хэргийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 44 буюу 16.3 хувьд нь шийтгэл оногдуулж, 209 буюу 77.4 хувийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 3 буюу 1.1 хувийг хэрэгсэхгүй болгож, 9 хэрэг буюу 3.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 хэрэг буюу 0.4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2 хэрэг буюу 0.7 хувийг нэгтгэж тус тус шийдвэрлэснээр зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 98.5 хувьтай байна.

-Үйлдэгдэж буй зөрчлийн хэргээс ямар хэргүүд зонхилж байна. Уг зөрчлүүд ямар шалтгаанаар үйлдэгдэн гарсан байна вэ?

-Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 270 хэргээс гурван төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил” 160 буюу 59.3 хувийг, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил 48 буюу 17.8 хувийг, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 22 буюу 8.1 хувийг тус тус эзэлж байгаа. Дээрх зөрчлийн хэргүүдэд 285 хүн холбогдон шалгагдсан ба үүнээс 218 хүн буюу 76.5 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн нь тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох, гудамж талбайд танхайрах зөрчлүүд дийлэнхийг эзэлж байх тул согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолоог эрүүл хүнд шилжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг удаа дараа буюу жилд 2-3 удаа үйлдэж, шүүхээс баривчлах шийтгэл авсан тохиолдлууд ч их гарч байгаад анхаарах шаардлагатай гэж дүгнэсэн.

-Үйлдэгдсэн зөрчлийн хэргийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан, хохирлыг нөхөн төлүүлж чадсан уу?

-Зөрчлийн хэргийн улмаас иргэд болон төрийн байгууллагад 16.024.000 төгрөгийн хохирол учирснаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд 16.024.000 төгрөг буюу 100 хувь хохирлыг нөхөн төлүүлж зөрчигдсөн эрхийг сэргээж ажиллаад байна.

-Зөрчлийн хэргүүд хаана зонхилон үйлдэгдэж байна. Төв суурин газар уу, хөдөө сумдад уу?

-Үйлдэгдсэн нийт 270 зөрчлийн хэргийн 200 буюу 74.1 хувь нь аймгийн төв Есөнбулаг суманд үйлдэгдсэн бол Дарив суманд 9 буюу 3.3 хувь, Дэлгэр сумд 8 буюу 3 хувь, Хөхморьт сумд 6 буюу 2.2 хувь, Төгрөг, Цогт, Тонхил сумдад тус бүр 5 буюу 5.5 хувь үйлдэгджээ. Харин Шарга, Тайшир сумдад тус 4 буюу 2.9 хувь, Халиун, Алтай, Бугат, Жаргалан, Чандмань, Эрдэнэ, Бигэр сумдад тус бүр 3 буюу 1.1 хувь, Цээл суманд 2 буюу 0.7 хувь, Баян-Уул суманд 1 буюу 0.4 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд зөрчлийн хэргийн талаар ярилцлаа. Тэгвэл энэ оны хагас жилийн байдлаар бүртгэдсэн нийт гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх мэдээллээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Аймгийн прокурорын газраас 2022 оны эхний хагас жилд нийт 318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 130 буюу 40.9 хувийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Харин 40 буюу 12.6 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 112 буюу 35.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж тус тус шийдвэрлэсэн бөгөөд одоогоор гомдол, мэдээллийн эцэслэн шийдвэрлэлт 88.6 хувьтай байна.

-Дээр зөрчлийн хэрэг зонхилон үйлдэгдэж буй сумдын талаар мэдээлэл өгсөн, зөвхөн зөрчлийн хэрэг бус үйлдэгдэж буй нийт гэмт хэрэг ихэвчлэн төв суурин газар гарч байна уу даа?

-Ер нь хүн ам ихээр төвлөрсөн газар болох Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд дийлэнх гэмт хэрэг нь үйлдэгдсэн байна. Тодруулбал Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 112 буюу 49.1 хувь, Тайшир сумын нутаг дэвсгэрт 15 буюу 6.6 хувь, Халиун сумын нутаг дэвсгэрт 14 буюу 6.1 хувь, Шарга сумын нутаг дэвсгэрт 12 буюу 5.3 хувь, Чандмань, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт тус бүр 9 буюу 7.9 хувь, Баян-Уул, Дэлгэр сумын нутаг дэвсгэрт тус бүр 7 буюу 6.1 хувь үйлдэгдсэн байна. Алтай, Цогт сумын нутаг дэвсгэрт тус бүр 6 буюу 5.3 хувь, Бугат, Бигэр сумын нутаг дэвсгэрт тус бүр 5 буюу 4.4 хувь, Тонхил, Дарив, Жаргалан, Хөхморьт сумдын нутаг дэвсгэрт тус бүр 4 буюу 7 хувь, Төгрөг сумын нутаг дэвсгэрт 3 буюу 1.3 хувь, Цээл сумын нутаг дэвсгэрт 2 буюу 0.9 хувь нь үйлдэгджээ.

-Гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлдэг, Одоогоор хичнээн хэргийг шүүхэд шилжүүлсэн бэ?

-Аймгийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан мөрдөн байцаалтын 131 хэргээс 100 буюу 76.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, 26 буюу 19.8 хувийг нь өөр хэрэгт нэгтгэж, 3 буюу 2.3 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр 98.4 хувийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

-Гэмт хэргийн улмаас хүний амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд хэд бүртгэгдэв?

-Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 31 хүн нас барсан байна. Үүнээс золгүй болон бусдын болгоомжгүй байдлаас шалтгаалж 24 хүн нас барсан бол зам тээврийн ослын улмаас 7 хүний амь нас хохирсон таагүй үзүүлэлт гарсан. Мөн гэмт хэргийн улмаас 31 хүний эрүүл мэндэд хөнгөн, 6 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 18 хүний эрүүл мэндэд хүнд гэмт учирсан байна.

-Ер нь энэ эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргүүдийн тоо баримтыг харахад залилах, өмчлөх эрхийн эсрэг хэрэг нэлээд өсчээ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгвөл?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” 126 үйлдэгдсэн нь өмнөх жилүүдээс эрс өссөн бөгөөд тус бүлэгт заасан гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн байна.

Залилах гэмт хэрэг гарч байгаа хэлбэр нь ойр дотны хүний фэйсбүүк цахим хэрэгслээс мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлсэн, өндөр хүүтэй мөнгө зээлүүлнэ, та өв хөрөнгө хүлээн авах боломжтой гэж хуурамч фэйсбүүк хаягаар бусадтай холбогдож мөнгө шилжүүлэх, баталгаагүй зарын группээс эд зүйл худалдан авах гэж урьдчилан мөнгө шилжүүлэх, хувийн мэдээллээ алдаж тухайн этгээдийн мэдээллийг ашиглан бусдаас мөнгө авах зэргээр үйлдэгдсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр иргэд богино хугацаанд мөнгөө өсгөх, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн итгэлээр бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан байна.

-Иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Фэйсбүүк цахим хэрэгслээр дамжуулан ойр дотны хүмүүсээс мөнгө зээлэх хүсэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хаягийн эзэмшигч нь мөн эсэхийг заавал нягталсны дараа шилжүүлэх. Мөн фэйсбүүк цахим хэрэгслээр дамжуулан гадаадын иргэн танд зээл олгох ямар ч боломж байхгүй тул зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдохгүй байх түүнчлэн гадаадын улс оронд танихгүй хүний өв хөрөнгийг Монгол улсын иргэнд өгнө гэсэн ямар ч боломжгүй зүйлд хэт итгэж шилжүүлэх шаардлагагүй. Түүнчлэн цахим /оnline/ дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн дэлгүүр болон хувь хүн баталгаатай эсэхийг нягталсны үндсэн дээр мөнгөө шилжүүлэхийг иргэддээ анхааруулмаар байна.

-Нэгэнт ярилцсаных Говь-Алтай аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Аймгийн прокурорын газраас 2022 онд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аж ахуй, нэгж байгууллагад 17 мэдэгдэл бичсэн. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 удаа шалгалт хийх, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2, зөрчлийн шалтгаан нөхцөлийг 1 удаа тус тус судалж энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажилласан. Мөн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг Есөнбулаг, Баян-Уул сумдын нутагт зохион байгуулсан. Мөн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагч нарт мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор нөлөөг ойлгуулах чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж байгаа. Цаашид тус прокурорын газраас төрийн байгууллагуудын алба хаагч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ