УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-19 08:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ гэсэн дээр гишүүдийн тоо, парламент, Засгийн газрын харилцааг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р.Гончигдорж:- Гишүүдийнхээ тоон дээр яръя. 75 гишүүнээс бүрдэнэ гэсэн үндсэн санал байна. Энэ саналыг зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулах уу? Эсвэл өөр санал байна уу? За тэгвэл 75 гишүүнийхээ тоог зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулж цөөнх болбол үгээ хэлье.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 6, бүгд 42 байна. Олонх нь дэмжиж байна. За цөөнхийн саналыг сонсъё.

Р. Хатанбаатар:- Би 75 гэсэн тоог цөөн гэж үзэж байгаа. Засгийн газар парламент дотроо ямар нэг хэмжээгээр байх ёстой. Засгийн газрыг парламент дотроо байгуулаагүйгээс болоод, одоогийн манай инээдтэй байдал бий болчхоод байгаа. Бид яамдын сайд нарыг байхгүй болгоод бодлогын сайд гэдэг юм бий болгосон, үнэн хэрэг дээрээ бодлогын сайд ч байхгүй, яамдын сайд ч байхгүй инээдэмтэй байдалд орчихсон.

М. Энхсайхан:- Наад яриад байгаа чинь инээдэм биш шүү дээ. Хамгийн зовлонтой юм байхгүй юу?

Р. Хатанбаатар:- Аймшигтай юм байхгүй юу. Засгийн газраа оруулахын тулд парламентынхаа гишүүнийг олон болгомоор байна гэж хэлэх гэсэн юм.

Р. Гончигдорж:- Хэд гэсэн саналтай байна вэ, Засгийн газрын гишүүнийг парламенттад байлгах, парламентын гишүүн нэмэх нь Засгийн газрын гишүүн гээд тэрнийгээ нэг бүрэлдэхүүн болгох уу, эсвэл парламентын гишүүн болсон улсуудаасаа кабинетын гишүүнийг томилох тухай ярих уу? Парламентын гишүүн болсон бол Засгийн газрын гишүүн болж болно гэсэн үг.

С. Баярцогт:- Би Б хувилбарыг дэмжсэн учраас одоогийн байдлаар 75 гишүүн гээд орчих юм бол УБХ-ын дарга радацид орохгүй бодлого хийдэг дарга байна гэсэн 1 ийм юм байна. Тийм болохоор энийг ямар нэгэн хэмжээгээр тэгш тоотой байгаад, УБХ-ын дарга адилхан радацид ордог, тэгэхдээ Бага хурлын дарга бол парламентын дийлэнх олонх суудалд санал авсан намын удирдагч энэ парламентад байх удирдагч бол Бага хурлын дарга байдаг Хэрэв тухайн тохиолдолд одоо бүгдээрээ цөөнх болоод юм уу тиймээ, эвслийн засгийн газар байгуулах ийм тохиролцоонд хүрэх юм бол яг энэ даргыг энэ зарчмаар сонгох, батлах буюу, эсвэл дараалуулж сонгодог зарчмыг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэж үзэж байна. Би нэг ийм зүйлд эмзэглээд байгаа юм. Хэрэв Ерөнхийлөгчийг сул эрх мэдэлтэй, Засгийн газар гүйцэтгэх засаглалаа барьж байвал энд Бага хурлын дарга нь бодлого хийдэг ерөөсөө огцордоггүй 6 жил баталгаатай ийм дарга байх юм бол ямар ч намын гишүүн бай, 1 дүгээрт, энэ бодлого хийдэг гэдэг бол аюултай дарамт үзүүлж байгаа юм ийшийгээ, гишүүддээ 1 дүгээрт. Хоёрдугаарт, энэхүү сонгогддоггүй нөхцөлд намуудын хооронд радацийн дараа өөрчлөлт гарахад даргын бодлого явдаггүй, зөрчил Бага хурал дотор үүсэх болчихно. Ер нь та хэрэв дийлэнх олонхын дарга байсан бол энэ чинь үргэлж зөвлөлдөөд, асуудал арай гайгүй байр сууринаас яригдах тийм бололцоо бол бий болдог. Тийм болохоор манай бодлого хийдэг дарга өөрөө нэгэнд нь байх гэсэн утгаараа гишүүний тоо тэгшхэн байж байж адилхан радацид ордог тийм системд орох ёстой. Би тэгээд 76 юм уу, 74 гишүүнтэй байх. Би бол тоогоор 20 хүнээр ихсэгмээр юм уу, 20 хүнээр багасгамаар, тэр чанар нь дарж байна гэж үзвэл би баталж чадахгүй. Тийм болохоор тэгшхэн байна гэсэн зарчмыг хэлдэг.


П. Улаанхүү:- Би зүгээр ажиглалтаасаа харсан юмыг ярья л даа. Тэгэхээр одоогийн Их хурал бол ихэнх нь нэгдлийн дарга нар, аймаг орон нутгийг төлөөлсөн ийм шинж чанартай байгаа учраас гишүүдийн тоог багсгах нь тэд нарын эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндөж байгаа юм байна билээ. Тэр бол хөдөө яваад бүсийн зөвлөлгөөнд оролцоход харагдаж байна. Хүн бүхэн 75 бол бага байна, энийг ихэсгээд өг гэж. Би 120 байх юм байна гээд судалгаа харуулаад хэлсэн чинь яг зөв, ийм байх ёстой гээд хүн бүхэн ам амандаа дэмжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр Их хурал дээр энэ тоог ихэсгэх сонирхол байгаа. Энэ байдлыг тооцох ёстой шүү. Энэний цаана ямар үндэслэл байна вэ гэхээр парламентат ёс гэдгээр нь аваад үзэхээр дотроо байнгын хороод байна, ер нь ихэнх парламентууд дор хаяж 14-20 хороонд хэлбэлздэг юм байна, байнгын хороодын тоо.Тэгж байж парламент ёсоор ажилладаг. Гишүүдийн тоо 14-16-20 байж, байж байнгын хороодыг ажиллуулж чадах нь. 9 гишүүнтэй юм уу, 7-8 гишүүнтэй байнгын хороод жихэнэ ажиллаж чадахгүй юм.Ингээд бодоод үзэхээр үнэхээр парламент шиг ажиллуулъя гэх юм бол хоёр танхимтай бол гишүүний тоо 110-120 орчим байж болох юм. Тэгээд ирэхээр миний яриад байгаа хувь тэнцүүлэн хуваарилах гэдэг зарчим гэдэг бол 100-аас дээш тохиолдолд хүн хүлээж авах нь илүү байгаа шүү дээ. Тэгэхээр би 120 орчим байвал зүгээр юм уу гэсэн бодолтой байгаа юм.

Р. Гончигдорж:-Улаанхүүгийн санал дээр товчхон тооцоо хийхэд 20 байнгын хороотой, 1 бангын хороо нь 15 гишүүн 1 гишүүн 3 байнгын хороонд байна гэвэл яг 100 гишүүнд хуваагдаж байх юм.

Х. Пүрэвдагва:-Гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тогтоох асуудал байгаа юм Хэрэв бид парламентын засаглалтай тийм улсын чиг хандлагаар явах юм бол тэр парламентат ёсны хэм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэж үзвэл улс орны хүн амын тооноос хамрахгүйгээр парламент хийж байдаг юмаа л хийж байх ёстой. Тэр парламент ажиллах чадалтай, тийм л бүтэцтэй байх ёстой. Энэ утгаар нь аваад үзвэл 75 ч юм уу, одоогийн байгаа 50 ч юм уу энэ бол үнэ хэрэг дээрээ тэр парламентат ёсыг хэрэгжүүлээд, үйл ажиллагаатай нь явуулаад, төрийн хууль тогтоох дээд байгууллагын хэмжээнд хүргэх талаар ажиллаж чадахгүй, улс орны хүн амын тооноос хамааруулна гэдгийг би хэтэрхий механик ойлголт гэж бодож байна. Энэ бол цаанаа парламентын бүхэл бүтэн үйл ажиллагаа байгаа, Тэр үйл ажиллагааг хэрэгжүүлж чадах л тийм хэм хэмжээ байх ёстой. Тэр ажлын объём, чиг үүрэг, тэр ажил үүргийн хуваарилалт, тэр чиглэл, энэ бүгдээс л хамааруулж тоогоо тогтоох ёстой гэсэн ийм санал байна.


Ц. Элбэгдорж:- 75 байх нь зөв гэж үзэж байна. Хэрэв нэмэхээр бол Их хурлын депутатууд их хурал дээр нэмээд өгнө биз. Бид энэ дээр 75-тай ороход 120 болгож өгнө гэдэгт би бат найдаж байна.

Д. Балдан-Очир:- Энэ 50, 75, 100 гэдэг тоо бол мэдэхгүй, ерөөсөө амны бэлгээр орж ирдэг тоо шүү. Би бүх хүчин зүйлийг тооцоод парламентат ёс, монгол орны цар хүрээ, эдийн засаг, удирдах удирдлагын объёмыг хэмжиж аваад, тийм хэмжээний шийдэл гаргах тоо бий. Ийм утгаар нь нотолж өгөөч гэж бий хэлэх гээд байгаа юм тэрнээс биш энэ аягүй бол их хурал дээр 200-300 гээд явж магадгүй. Ийм шинжлэх ухааны тоо хэрэгтэй байна.

Р. Гончигдорж:- Бага хурал зөвхөн 1 тоо хэлээд зогсож байхгүй, ерөөсөө ирээдүйн Их хурал гэдэг бол ийм үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалттай байна, энэнийхээ үүднээс төчнөөн гишүүнтэй байх ийм ажлын чадамжтай гэдэг энэ 1 байдлыг нь гаргаж үүсгээд тэр тоог нь тодорхойлоод яриад, тэр үндэслэлтэй нь хамт тэр тоог нь яривал яасан юм бэ? Тийм саналтай байна. Пүрэвдагва, Улаанхүү түрүүний хэдэн гишүүн байгаа шүү дээ, энэ тооны хувьд ийм 1 өөр төсөл оруулаад ирээч гэж үүрэг болгох саналтай байна. Зөв үү?

Т. Очирхүү:-Тэгвэл бас ингэвэл яасан юм бэ? 75 байна уу, 120 байна уу, сонгуулийн тойрог зохион байгуулах асуудал байна шүү дээ Тэгэхээр түрүүн ярьж байсан, сонгуулийн хуулийн ерөнхий төсөөлөл байгаа бололтой манай ажлын комиссын гишүүдэд. Тэр тойргууд ямархуу янзтай байх юм, хэчнээн хүнээр бодож хийсэн байх юм бэ? Төлөөлөл болох юм. Тэрийг танилцуулахад зүгээр байх гэж, жишээлбэл 120 дээр бууна гэж Элбэгдорж ярьж байна. Энэ нөхцөлд Б вариант утгагүй болчхож байгаа юм. 120-той байхад 2 танхимтай болчих байх гэж бодож байна. Тэр Их хурал тийм болчих вий. Тийм учраас А вариантаа оруулбал логический илүү тэрэнтэйгээ уялдах байсан гэж ташрамд нь хэлж байна.

Р. Гончигдорж:- Харин энэ дээр 1 зүйл дээр санал хураамаар байна. Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүн байх эсэх тал дээр бас 1 ийм тоо тодорхойлоход 1 хүчин зүйл болоод байна гэсэн.../кассет дуусав/... тавьж болох эсэх дээр санал хураалгамаар байна. За ингээд Их хурлын гишүүн Загийн газрын гишүүн байж болно гэснийг зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 14,
  • татгалзсан 26,
  • түдгэлзсэн 3 , бүгд 43 олонхын дэмжлэг авахгүй байна.

Б. Чимид:-Депутатын тоог олшруулбал Засгийн газрынхныг нэлээн оруулах шаардлагатай болно. Яах вэ ийм парламент жаахан сулрах талтай Өөрөөр хэлбэл Засгийн газрын өмнөөс эсэргүүцэл багасаж байна. Тэгэхдээ яах вэ Засгийн газартайгаа ажиллах, бодлогоо ойлгоход нэлээд тустай, тийм учраас би бол дундын вариант яаж гарсныг санахгүй, Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байж болно гэдэг, бүгдээрээ биш, тийм хувилбарыг аваад энэ гишүүдийн тоог жаахан нэмж болно.

С. Баяр:- Ийм хялбар асуудал биш л дээ. Тэр бол ерөөсөө шал ондоо. Зүгээр ганц өгүүлбэр нэмчихсэнээрээ энэ бол сонгож авч байгаа зарчим маань ерөнхийдөө өөр болчхож байгаа юм.

Б. Галсандорж:- Сая ч яах вэ арай өөр хувилбар хэллээ. Бүгдээрээ байгаа тохиолдолд асуудалд тэр хоёрын хоорондын харилцааны асуудал яаж шийдэгдэх вэ гэдэг асуудал сонин байгаа юм. Тэр бидний зөв. Өөрөөр хэлбэл Засгийн газрын ажиллагаа чинь гэсэн тусдаа явж байна шүү дээ. Парламентын ажиллагаа тусдаа явна шүү дээ. Аль аль нь байнгын ажиллагаатай байгаа шүү дээ.

П. Улаанхүү:- Засгийн газар парламентдаа орж ирнэ гэдэг бол намуудын практикт болохоор их идэвхтэй ажиллаж эхэлнэ гэсэн үг л дээ. Тэгээд олонх болсон нам Засгийн газраа эмхлэн байгуулчхаад энэ дотор тэгж өгүүлбэр өгүүлбэрээр нь тийм хүчтэй хэлэлцүүлэг явагддаггүй, шууд хүчинддэг ийм систем рүү явж байгаа юм. Энэ бол нэг талаасаа ажил шуурхай болгох ийм юу байгаа юм. Өөрийнхөө намын гишүүдийг бид олонх болчихоор намын дарга бол ерөнхий сайд болчихсон байх ч юм уу тиймээ, ийм байдлаар энд бол...

Б. Галсандорж:-Миний асуудал гол нь энэ дээр байна л даа. Ажил үүргийн хуваарь, тэр харьцаа, зохицолдоо яаж явах вэ гэдэг асуудал байна л даа. Тэрийг л тайлбарлах.

П. Улаанхүү:- Тэр ажил үүргийн хуваарь улам тодорхой болно шүү дээ. Жишээ нь японы парламентын төсвийн байнгын хороон дээр ч юм уу, эдийн засгийн байнгын хороон дээр Ерөнхий сайдыг авч ирж загнадаг ийм систем байна л даа. Жижигхэн сандал дээр суулгаж байгаад загнадаг. Яагаад вэ гэвэл тэр дотор нь байж байгаа учраас болж байна шүү дээ. Тэгээд олны өмнө гаргахдаа /парламентын дотоод асуудал байхгүй юу/ тэнд суулгаж байдаг, дотоод ажлаа явуулахдаа ингэж дуудаж ирээд загнаж байдаг, энэ чинь сайхан ардчилал шүү дээ. Одоо манайд Ерөнхий сайд ерөөсөө олдож өгөхгүй байна шүү дээ. Орж ирээд худлаа ярьчхаад яваад өгдөг.


С. Баяр:- Тэгэхээр энд олонх цөөнхөөрөө ярьж байна гэж ойлгохгүй байгаа. Их сонин санаа байгаа юм. Энийг ерөөсөө зөв үү, буруу юу гэж яаран дүгнэхгүйгээр ярилцвал бас болмоор юм шиг санагдаж байгаа юм. Аль аль талаас нь бодмоор юм шиг. Би энэ хувилбарыг өнөөдөр сонссон юм биш л дээ. Урьд нь ч бас ийм санал гаргаад ер нь болох юм уу, үгүй юу гэдэг талаас нь бодож үзээд ер нь болж өгөхгүй санагдаад байгаа юм. Яагаад болж өгөхгүй санагдаж байна вэ гэдгийг 1 дүгээрт түрүүний гишүүн Галсандоржийн хэлсэнчлэн нэг ийм юм байгаа юм, аль аль нь байнгын ажиллагаатай, тэр сайд эрх биш сайд л юм бол, тэрэн дээрээ бас ажиллаа хийх ёстой. Гэтэл парламентад сууж байдаг болж байдаг. За тэрийг нь зохицуулж болно гэж үзэх юм бол бид чинь өнөөдөр ямар тогтолцоонд шилжиж байна вэ гэхээр, манайд бол ерөөсөө гүйцэтгэх тогтолцоо хүчтэй байсан шүү дээ,1 намын арга барил, 1 намын үзэл бодлоор дэмжүүлээд гүйцэтгэх засаг гэдэг маань ерөөсөө гарсан шийдвэр тэр дороо дэмждэг ерөнхийдөө тиймэрхүү системд байлаа. Өнөөдөр бид нарт нөгөө нэг 2 юм нь өсөж, өндийж чадахгүй байгаад байгаа шүү дээ. Хууль тогтоох дөнгөж 1 нялх, төрсний дараах хүүхэд л байгаа. Шүүх засаглал гэдэг маань төрөө ч үгүй байгаа. Тэгэхээр бид төрөөгүй цагт нь аваачаад энэ гүйцэтгэх засаг, хууль тогтоох хоёрыг хамтад нь хийгээд хаях юм бол хууль тогтоох гэдэг нь ерөөсөө засгийн газарт үйлчлэх товчоо л болно. Ерөөсөө тэр бодлогод үйлчилж байдаг. Гэтэл энэний хоорондын сөргөлдөөнөөс тэр нийгмийн шударга ёс, тогтвортой байдал, одоо юу байдаг юм, ямар бодлогын хэмжээнд асуудал шийдэгдэж байх ёстой. Өчигдөр бид асуудал шийдлээ, өчигдөр бол УБХ биш 1 хүнд үйлчилдэг товчоо шиг ажилласан, яг иймэрхүү байдалд автагдана. Тэгэх тусам Ерөнхий сайд нь дотор сууж байдаг. Тэгээд санал өгч байдаг сайд нар нь ингээд хажууд ярайгаад суучихсан. Ингэх юм бол бид ерөөсөө хууль тогтоох байгууллагын бодлогыг явуулж чадахгүй. Засгийн газартаа үйлчлээд явна. Нэгдүгээрт ийм шалтгаан байгаа юм. Хоёр гэх юм уу түрүүнийхтэйгээ ижилхэн. Гурав дахь шалтгаан нь юу вэ гэхээр Засгийн газар нь нэн ялангуяа ийм шилжилтийн эгзэгтэй үед хямралд орох аюултай байдаг. Гэтэл Засгийн газар нь парламент дотроо ороод суучихсан цагт Засгийн газрын хямрал нь цаашаа механикаар парламентын хямрал болж даамжрах тийм аюултай байгаа юм. Бид чинь өнөөдөр тусдаа системтэй байна шүү дээ. Эрх биш тусдаа системтэй байна. Эрх биш Засгийн газраа парламентаасаа бүрдүүлээд дотор нь оруулаад суулгачих нь, 1 ийм салангид систем. Тэгээд ер нь нэгэнт бид засаг, засгийн эрхийг хуваарилах энэ онолыг сонгож авсныхаа хувьд, нэгэнт энийг сонгож авсан юм бол бид эхнийхээ үед ямар ч байсан тусдаа салангид ийм байхгүй бол аль аль засгийг хооронд нь хутгаад унах юм бол бид шинэ юм руугаа орж чадахгүй, хуучин юмгүйгээ ч үлдсэн 1 ийм холион бантан дунд удаан хугацаагаар явах юм болов уу даа. Нэг гол юм байгаа юм л даа. Магадгүй шилжилтийн үед /гэхдээ би бас эргэлзээ төрөөд байгаа юм л даа/ магадгүй хууль тогтоох, гүйцэтгэх 2 нь нэг хэсэгтээ хамт яваад өгсөн ч хэрэгтэй юм болов уу гэсэн. Жишээ нь сонгуульд 1 /х/ нам яллаа гэж бодъё. Үнэхээр 60-70 хувийг авчихсан юм бол парламентдаа ч үнэхээр давамгайлж байна, мөн засагтаа ч давамгайлж байна. Ерөнхий энэ нь ашигтай юм болов уу гэдэг ийм юу бас бодогддог. Тэгэхдээ манай нийгэмд өнөөдөр тулгалтаар /гишүүн Улаанхүүгийн ярьсан хүчиндэлтээр/ асуудлыг шийдэж таарахгүй. Яагаад өнөөдөр манай Засгийн газар олон намын оролцоотой байна вэ? Нэг намынхыг хийвэл хийчих боломжтой байсан. Гэтэл бид өнөөдөр хүссэн хүсээгүй асуудлыг тэр консенсиус, компренисс гэдэг энэ 2 тээгийн уулзвар дээрээс шийдэхгүй бол манай нийгмийн хөгжлийн түвшинд ч тэр байна, нийгмийн сэтгэлгээ ч тийм байна, улс төрийн соёл маань яг тийм байна. Ямар ч байсан 60-70 хувьтай ийм асуудлыг ингээд шийдлээ, та нар дуугүй байж бай гэдэг юмыг хүлээж авах тийм соёл өнөөдөр алга хаана хаанаа ялгаа байхгүй. Ийм учраас энэ Засгийн газрыг парламентад оруулж болмооргүй юм шиг санагдаж байгаа юм. Магадгүй би буруу бодож байж болох юм. Энэ дээр аргумент хэлэх юм бол үзэл бодлоо өөрчлөхөд бэлэн байна. Заавал 1 юманд, хивэнд орчхоод баригдаад байгаа юм байхгүй шүү.


Б. Чимид:-Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад кабинетын гишүүд нь гаднаас бүрддэг л дээ. Ер нь засгийн газар, кабинетаа ч юм уу, парламентын засагтай орнуудад Засгийн газар парламентаасаа бүрэлддэг, бүрэлддэггүй хоёр янз байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд нь парламентаасаа бүрдээд зарим 1 сайдаа тавьдаг. Жишээлбэл японых бол Ерөнхий сайдыг парламентаасаа депутатуудын дотроос дэвшүүлээд, Ерөнхий сайд нь парламентад сайд нараа танилцуулж тавьж байгаа. Сайд нарынхаа ихэнхийг парламент дотроосоо сонгож байгаа. Парламент дотроос сонгогдсон сайд нэр нь байнгын хороодын дарга хийгээд байгаа ийм практик бий. Баяр ярилаа л даа. Тэгэхээр манайх яагаад ингэсэн юм бол, энэ бол ерөөсөө ганцхан жил туршиж байна. Манай улсад бүх сайд депутат байсан. Тийм нөхцөлд бол гүйцэтгэх засаг нь парламентаа командлах, мөнгөө ч мэддэг, ажлаа ч мэддэг, энэ хоёрыг зааглах гэж шалгахаар хуулийн төсөл хийгээд тавьсан Ерөнхий сайдаас бусад гишүүн парламентын гишүүн биш байхаар төсөл оруулсан юм. Гэтэл ерөөсөө нэг хэсэг нь байх ёстой гэж үзээд нэг хэсэг нь байхгүй ёстой гэж зүтгээд бүр арчаад хаячихсан. Энэ чинь хоёр туйлд нь гарчхаад байгаа юм. Ийм учраас би бол жаахан парламентын гишүүд дотроос зарим нэг сайд Ерөнхий сайд байж болохоор хийвэл болох юм гэж үзэж байгаа юм.

П. Улаанхүү:- Чимид гуай манай тэр систем чинь юу шүү дээ. АИХ-ыг зүгээр тоглоом болгочихсон юм. МАХН бол хууль тогтоогч байсан байхгүй юу үнэн хэрэгтээ Би онолын юм яриад байна шүү дээ, үзэл суртал руу орж яриагүй. Гүйцэтгэх засаглал нь Сайд нарын зөвлөл, 1референттэй, тэр сайд нь байдаг. Тэгэхээр та худлаа яриад байна шүү дээ. Сайд их эрх мэдэлтэй байсан юм гэж. Тийм юм байгаагүй байхгүй юу, сайд бол ямар ч эрх мэдэл байхгүй, дээр нь МАХН байсан.

Б. Чимид:- Хоёулаа 1 саналтай , тэгээд хоорондоо ярьж байгааг улсууд юу гэж ойлгох вэ? Би үзэл суртлын тэмцэл явуулаагүй.

П. Улаанхүү:- Би үзэл суртал ерөөсөө яриагүй байна. Үзэл суртал яриагүй учраас ярьж байна шүү.

Б. Чимид:- Сайд гэдэг хүн хэний төлөөлөгч байсан тухай яриагүй Одоо нам төрд хэн засаг барьж байсан тухай яривал их түүх бий.

Р. Гончигдорж:- За ингээд санал аа хураая. Эхний нарийн тодруулаагүй түвшиндээ бол Засгийн газрын гишүүд парламентын гишүүн байж болно гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 7,
  • татгалзсан 32,
  • түдгэлзсэн 5, бүгд 44 байна.

С. Баярцогт:-Даргаа миний санал зарчмын санал гэж бодож байна. Би бодлого хийдэг даргагүй, спикертэй байна гэсэн санал тавьсан шүү дээ.

Р. Гончигдорж:- Энийг нөгөө дарга, нарийн бичгийн дарга энэ тэр дээрээ очоод ярих юм биш үү гэжээ.

Үргэлжлэл бий.                                                                             Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

 

Холбоотой мэдээ