ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-19 14:37:16

ЖЕНЕВ. /WHO/. Сармагчны цэцэг өвчний 35 мянга гаруй тохиолдол дэлхийн 92 улс орон, бүс нутагт илрээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ. Уг өвчний улмаас 12 хүн нас баржээ.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын 7500 орчим тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цахим хэвлэлийн бага хурлын үеэр түүний хэлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь Европ, Америк тивд бүртгэгдсэн бөгөөд голчлон ижил хүйстэн эрэгтэйчүүд халдвар авсан байна.


“Бүх улс орон юун түрүүнд сармагчны цэцэг өвчин тархсан тохиолдолд бэлтгэлтэй байгаа эсэхээ бататгаж, өвчний тандалт судалгааг сайжруулах, ойрын хавьтлыг тогтоох нарийн хяналтыг бий болгох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зэрэг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй арга хэрэгслийг ашиглан халдварын тархалтыг зогсоох ёстой” гэж тэрбээр хэлжээ.


Мөн вакцинууд халдварын тархалтыг хяналтад авахад чухал үүрэг гүйцэтгэх магадлалтайг тодотгоод, олон оронд вакцины эрэлт хэрэгцээ өндөр байгааг дурджээ. Гэхдээ одоогоор вакцины нөөц, үр дүнгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч зарим орноос холбогдох мэдээллийг ирүүлж эхэлж байна гэж тэрбээр хэллээ.


Т.Гебрейесус үргэлжлүүлэн, “ДЭМБ-ын хувьд вакцин үйлдвэрлэгч болон вакцин хуваалцах хүсэлтэй улс орнууд, байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Бид “COVID-19” цар тахлын үеийнхтэй адил вакцины тэгш бус хүртээмжтэй холбоотой асуудал давтагдах вий гэдэгт санаа зовнисон хэвээр байна” гэв.


Хүнээс нохойд халдвар дамжсан анхны тохиолдол

ДЭМБ-ын мэргэжилтнүүд мөн Парис хотод сармагчны цэцэг өвчин хүнээс нохойд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнийг баталжээ. Парист хоёр эрэгтэй халдвар авснаас 12 хоногийн дараа дөрвөн настай эр нохойн вирусний шинжилгээ эерэг гарсан талаар “The Lancet” сэтгүүлд мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ