“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-05 14:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц болж буй цахим шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал өнөөдөр эхэллээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ хамтран зохион байгуулж буй уг хурал энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм. Хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж буй туршлагаа солилцох юм. Мөн  цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.

Холбоотой мэдээ