ДОРНОД: Сүүний хүргэлтийн төв байгуулбал малчдын амьжиргааг дэмжиж, 10 гаруй ажлын байр бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-09 15:16:48

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт сүүний хүргэлтийн төв байгуулбал малчдын амьжиргааг дэмжиж, 10 гаруй ажлын байр бий болгохоос гадна хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад дөхөм болох судалгаа төслийг "Найнги хүнс" ХХК боловсруулжээ.

Тус компанид энэхүү сүүний хүргэлтийн төвийг байгуулахад 70 сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ талаарх төслөө "ЖДҮ-ийг хөгжүүлэх сан"-д өгч, гуравдугаар шатанд тэнцсэн байна. Түүнчлэн "Найнги хүнс" ХХК-иас гадна Цагаан-Овоо, Дашбалбар сумын хоёр компани сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр, Дашбалбар сумын нэг компани зөгийн аж ахуй байгуулах чиглэлээр нийт 566,9 сая төгрөгийн төсөл өгч гуравдугаар шатанд тэнцжээ. Үүнтэй холбогдуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх газраас нарийвчилсан судалгаа хийх ажлын баг саяхны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, цаасан дээрх төсөл төсөөлөл бодит байдал дээр хэрхэн буух, одоогоор үйл ажиллагаа нь тохирох хэмжээнд явагдаж байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийсэн байна. Хэрэв 70-аас дээш оноо авч чадвал төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн дэмжсэнээр хөрөнгө оруулалтаа авах боломж бүрдэнэ. 

Ташрамд сонирхуулахад, ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн сонгон шалгаруулалтад энэ жил Дорнод аймгаас 1.8 тэрбум төгрөгийн 15 төсөл хүсэлтээ ирүүлжээ.


Холбоотой мэдээ