ӨВӨРХАНГАЙ: Л.Анхбаяр Энэ жил 20 гаруй сая төгрөгөөр номын фондоо баяжуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-16 16:23:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний 32 дахь удаагийн номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор улсын хэмжээнд өрнөж байна. Өвөрхангай аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Төв номын сангаас “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ын үйл ажиллагааг энэ өдрийн турш Хүүхдийн номын ордонд зохион байгуулж байгаа юм. Энэ талаар аймгийн Төв номын сангийн захирал Л.Анхбаяраас тодрууллаа.


- “Номын баяр”-ын хүрээнд ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн “Үндэсний номын баяр”-ыг жил бүр тэмдэглэж ирсэн нь номд хайртай, ном унших дуртай хүүхэд залуус, нийт уншигчдын хүсэн хүлээдэг тэмдэглэлт баяр болоод байна. Энэ удаагийн намрын “Номын баяр”-ыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар орон даяар тэмдэглэж байна.

Бид аймгийнхаа төв талбайд өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод байршлаа өөрчилж, зарим ажил хүлээлтийн байдалд байна. Өчигдөр ахмад номын санчдынхаа гурван үеийн уулзалтыг хийсэн. Мөн СӨББ-ын ахлах бүлгийнхний дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд цэцэрлэгүүд нэлээн идэвхтэй, санаачилгатай оролцож, Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэллээ. Номын солилцоо, ховор болон шинэ хуучин номын үзэсгэлэн гаргаж, уншигчид идэвхтэй оролцож байна.

“Бүтээлч номын санч”, “Номыг дээдлэгч хамт олон”, “Шилдэг гэрийн номын сан”, “Шилдэг угийн бичиг хөтлөгч иргэн” уралдааныг зарлаж, мөн “Номын сайн нөхөр” буюу тэргүүний уншигчдыг шалгаруулан шагнаж байна. “Номын баяр”-т нэр бүхий зочид их оролцож байна.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, Франц, Лаос Улсад элчин сайдаар ажиллаж байсан Т.Төмөрхүлэг гуай хүрэлцэн ирж, 100 гаруй номыг Номын санд хандивлалаа. Мөн хөдөө орон нутагтаа уран бүтээлээ туурвисаар яваа ахмад зохиолч, найрагчид маань ирж, номынхоо дээжээс хандивласан.


Өнөөдөр үдээс хойш орон нутгийн зохиолчдоо алдаршуулах үйл ажиллагаа, зохиогч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, “Найрагтай намар” уран зохиолын үдэшлэг болох юм.

- Хүүхдүүдийг ном уншиж сургах, номонд дурлуулах чиглэлээр Төв номын сан хэрхэн ажилладаг вэ?

- Сургуулиудын номын санчидтай хамтарч ажиллан хүүхдийн ном унших идэвхийг явцын дунд өрнүүлж байна. Нэг үеэ бодвол хүүхдүүдийн ном унших хандлага сайжирч байгаа. Өнөөдөр 20 гаруй хүүхэд “Номын сайн нөхөр”, Д.Нацагдорж тэмдгээр шагнууллаа. Мөн танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээн, өглөөний уншлага, номын хэлэлцүүлэг зэргийг хийж байна.




- Аймгийн Төв номын сан хэдэн номтой вэ?

- Энэ жил аймгийн Засаг даргын ивээлээр, мөн яамны санхүүжилтээр 20 сая төгрөгийн ном авч, фондоо арвижуулан уншигчдадаа хүргэж байна. Нийтдээ 52 мянган номтой. Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн номын ордонтой болсон. Нэг ээлжиндээ 200 хүүхдийн хүчин чадалтай ч 300-гаад хүүхэд үйлчлүүлдэг. Нийлбэр дүнгээрээ хоёр номын сангаас өдөрт 500 гаруй хүүхэд ном унших үйлчилгээ авч байна. УИХ-ын гишүүд, нутгийн удирдлагуудаас номын санг маш сайн дэмжиж ажилладаг. Үүний үр дүнд эрэлт хэрэгцээтэй номуудаар бүрэн хангагдаж, ном унших ая тухтай нөхцөл ч бүрдсэн.

- Насанд хүрэгчид хэр үйлчлүүлж байна вэ?

- Дээхэн үеийн хүмүүс номд их дурладаг байсан. Тэр хэвшлээрээ одоо ч ном байнга авч уншдаг хүмүүс бий. 60, 70 нас гарсан хэрнээ л тогтмол ирж ном уншдаг олон хүн байна.

- Номын санг цахимд шилжүүлэх ажил хэр үр дүнтэй байгаа вэ?

- Номын сангийн электрон каталогитой болсон. Одоогоор 500 гаруй ном оруулаад байна. Интернэттэй газраас https://www.lib4u.xyz/?lib=uvurkhangai&s хаягаар ороод өөрийн эрж хайж байгаа номыг шүүх бүрэн боломжтой. 

Холбоотой мэдээ