Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслол өнөөдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-19 09:17:10

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд өнөөдөр болно.


Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан хатан хаантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцоно.


Хатан хаан есдүгээр сарын 8-ны өдөр Шотландын Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр хаан сэнтийд 70 жил заларсан билээ.


Салах ёс гүйцэтгэх ёслол Вестминстерийн сүмд орон нутгийн цагаар өглөөний 11 цагаас эхэлнэ. Энэхүү ёслол нь 1965 онд Ерөнхий сайд асан Уинстон Черчилльтэй салах ёс гүйцэтгэх ёслолоос хойших анхны төрийн ёслол болох юм.


Энэхүү ёслолын үеэр Английн сүмийн тэргүүн, Кентерберигийн хамба номлол айлдаж, орон даяар хоёр минут дуугүй зогсон хүндэтгэл илэрхийлнэ.


Их Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 200 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 500 орчим төр, засгийн тэргүүн нар ёслолд оролцох ажээ.


Салах ёс гүйцэтгэх ёслолын дараа хатан хааны шарилыг хаан III Чарльз, хунтайж Уиллиам тэргүүтэй бусад хүмүүсийн хамтаар Виндзорын шилтгээн рүү хүргэж, шилтгээний сүмд түүний нөхөр, хунтайж агсан Филиппийн дэргэд оршуулна.


Их Британийн Засгийн газар даваа гаргийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлажээ. Салах ёс гүйцэтгэх ёслолыг орон даяарх цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв, кинотеатруудаар шууд дамжуулан үзүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ