Э.Амарбат: АТГ “60 тэрбумын бичлэг”-т хэрэг үүсгэхээс татгалзсан

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-17 15:52:15

2016 оны ээлжит УИХ, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон олны анхаарлыг татаад байгаа бусад хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сонгуультай холбоотой хэдэн гомдол ирсэн бэ? Эрүүгийн хэрэг үүсгэсэн гомдол бий юу?

Э.Амарбат: Ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 107 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 56 нь нийслэлд, 51 нь орон нутагт байсан. Дийлэнх нь сурталчилгааны самбар, зурагт хуудас гэмтээсэн, алдагдсан, нэр дэвшигчийг гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан гэх зэрэг гомдлууд байсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа 1, татгалзаж шийдвэрлэсэн 103, татгалзах саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн 1 гомдол байгаа. Хоёр гомдлыг захиргааны журмаар шалган шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа 1 гомдлын тухайд, Багануур дүүргийн хоёрдугаар хороонд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн ажлыг зохион байгуулан ажиллаж байсан Б.Ганбаатар, Ж.Мөнхцэцэг нар энэ оны 06 дугаар сарын 19-нд тус хорооны иргэдэд мөнгө тараасан гэх гомдол Багануур дүүргийн прокурорын газарт хянагдаж байгаа.

Харин Чингэлтэй дүүрэг болон Ховд, Говьсүмбэр, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Дундговь, Дархан, Увс, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймгуудад гомдол гараагүй.

-УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн, гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан байсныг түр түдгэлзүүлсэн зэрэг мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэ талаар?

Г.Бясман: Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Нийслэлийн прокурорын хяналтад байгаа. Энэ хэрэг нь Эрүүгийн тусгай ангийн 263.2 буюу албан тушаалаа урвуулах гэсэн зүйл ангид хамаарна. Хилийн хоригийн тухайд Х.Баттулга нь олимпод оролцож байгаа тул хилээр нэвтрүүлсэн. Хамтран шалгагдаж байгаа А.Гансүхийн тухайд хилийн хориг тавигдаагүй Монгол Улсад байгаа. Шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Сонгуулийн үеэр “МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэг” цацагдсан. Энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа юу?

Э.Амарбат: Ардчилсан намын дарга З.Энхболдын хүсэлтээр манай байгууллагад гомдол ирсэн бөгөөд энэ хэргийг харъяаллын дагуу АТГ-т шалгуулсан. АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг энэ сарын 2-нд манай байгууллагад ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс хоёр шалтгаанаар татгалзсан. Шүүхийн шинжилгээгээр тус бичлэг нь эвлүүлэг болохыг тогтоосон. Төрийн албыг наймаалцаж ашиг олох зорилгоор хууль бусаар 60 орчим тэрбум төгрөг цуглуулсан зүйл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан. МАН-ын албан тушаалтнуудад дүгнэлтийг хүргүүлсэн байгаа.

-Д.Булганыг хорьсон, эрхийг нь зөрчсөн гэх асуудал гарсан. Энэ хэргийн тухайд?

Э.Амарбат: Энэ асуудлыг манайхаас шалгасан. Яг хүний эрхийг зөрчсөн үү гэх асуудлаар шалгалт хийхэд зарим нэг зөрчил гарсан. Тэр бүх асуудлыг тухай бүрт нь удирдах хүмүүст нь хүргүүлж шийдвэрлүүлсэн байгаа. Д.Булганд холбогдох хэргийг одоогоор шалгаж байна.

-Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирсэн үү?

Э.Амарбат: Одоогоор прокурорын байгууллагад шилжиж ирээгүй байна. 

Г.Бясман: Ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа.Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг 7 удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй.

Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй.

Н.Энхбаярыг Худалдан авах гэрээгээр халхавчилж бусдын обьектыг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж байна.

-Сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэг гарсан. Энэ хэргүүд шийдвэрлэгдсэн үү?

Э.Амарбат: Сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн мөнгө тараасан хэргийг шүүх шийдвэрлэсэн байгаа. Тэр хэргийг шүүхээс тодруулах хэрэгтэй байх. Надад байгаа мэдээллээр шүүхээс мөнгө тараагаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

М.Дайриймаа

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ