Монгол Улсын түүх соёл, өв уламжлалыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын өвийн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 17-нд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үндэсний онцлог зүйлсийг олон нийтэд дэлгэн танилцуулав.
Энэхүү өдөрлөгийг тус Элчин сайдын яам нь өөрийн байрладаг Булонь-Биянкур хотын зочлох газруудын нэгдсэн хөтөлбөрт оруулж, хотын засаг захиргаатай хамтран ажиллав.
Өвийн өдөрт Монгол, Францын харилцааны түүх, Эзэн Чингис хаан, Гиём дэ Рубрук, Хархорин, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүд, Монголын талаарх видео бичлэг, монгол ахуй амьдрал, соёл урлаг, байгалийн онцлогийг харуулсан гэрэл зураг, уран зураг, дээл хувцас эдлэл, идээ будааны соёл, монгол гэр, түүний онцлог, уран бичлэг зэрэг олон төрлийн хөтөлбөрийг толилуулсны сацуу Монголын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Гэгээн алсад одохуй” аяыг толилуулжээ.
Мөн монголын уран зохиолыг франц хэлтэн уншигчдад толилуулж буй Бореалиа хэвлэлийн газар франц хэлээрх монголын орчин цагийн яруу найраг, уран зохиолын номуудыг танилцуулав. Өдөрлөгт Булонь Биянкур хотоос гадна Парис, зэргэлдээх хотын нийт 150 гаруй иргэд сонирхон ирж оролцсон байна.
Дашрамд дурдахад, Европын өвийн өдрүүдийг 1985 оноос хойш Европ даяар өргөн дэлгэр тэмдэглэж олон байгууллагууд өөрсдийн үүд хаалгаа олон нийтэд дэлгэж өвийг хамгаалах бодлого, үйл ажиллагаагаа сурталчилдаг байна.