СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг дарга сумдын уурын зуухнуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-21 23:56:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж сум орон нутгийн халаалт дулааныг хангагч уурын зуухнуудын нөхцөл байдал, халаалтаа өгч эхэлсэн эсэхтэй танилцлаа. Тэрээр энэ сарын 21-ний өдөр Шаамар, Алтанбулаг сум, Дулаанхаан тосгонд ажиллав.

 

Шаамар сумын иргэдээс аймгийн санал, өргөдөл гомдол хүлээн авах тусгай дугаарын утас болон бичгээр халаалт дулаан хугацаандаа ирэхгүй байна гэсэн гомдол ихээр ирсэн байна. Тус сумын хувьд сумын төвдөө 2 уурын зуухтай бөгөөд МСҮТ-ийг халаадаг уурын зуух халаалтаа эхлүүлэн үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Бусад байгууллагыг халаадаг нөгөө зуух нь зарим тохиргоогоо тааруулж байгаагаас халаалтаа эхлүүлж амжаагүй байгаа аж.

Дулаанхаан тосгонд халаалт өгөөд эхэлсэн. Тосгоны Захирагч Д.Ганболд орон нутгаас шаардлагатай бүх зүйлээ хийсэн гэдгээ хэлж байв.

 

Аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж: ”АОК-ын өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт бүрэн хангагдаагүй байна. Халаалт дулаан цаг хугацаандаа очиж, бүх хэрэглэгчид дулаанаа авсан байх ёстой. Гэтэл сургууль, цэцэрлэг гээд бага насны хүүхдүүд олонтой сургалтын байгууллага, хүн эмнэлэгт халаалт одоог хүртэл очоогүй байж болохгүй ээ. Өнөө маргаашдаа багтаж, маш түргэн хугацаанд халаалтаа өгч үйл ажиллагаагаа жигдрүүл хэмээн хатуу анхаарууллаа. Мөн дулаанаар хангагч уурын зуухны удирдлагад, халаалт дулаан ямар байгааг өдөр бүр байгууллагуудаар явж шалгаж үзэж байхыг сум, тосгоны удирдлагуудад үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ