ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Гар утасны аппликейшн ашиглан худалдан авсан махныхаа гарал үүслийг шалгах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-23 10:53:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг мал аж ахуйд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлд анхаарч ажилладаг. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулж гадагшаа инновац нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж, эдийн засгийн хөгжлийн хувьд өөрөө өөрийгөө тэтгэх, иргэд, малчдынхаа орлогын нэмэх боломжуудыг эрэлхийлж байгаа. Хүн амынхаа махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хот болон хөрш улсуудад үйлдвэрийн аргаар боловсруулсан малын махыг нийлүүлж байна. Энэ жил аймгийн хэмжээнд хүнсэнд 339.3 мянган толгой малыг хэрэглэнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өгөв.  Аймгийн 24 сумаас ирүүлсэн судалгаагаар 23670 толгой бод, 197574 толгой бог малыг хүнсний хэрэгцээнд зарцуулах урьдчилсан төлөвтэй байна. Харин зах зээлд аймгийн 24 сумаас нийт 1055.9 мянган толгой малыг худалдан борлуулах төлөвлөгөөтэй байна.


Завхан аймаг 2021 оны жилийн эцэст 3755.2 мянган мал тоолуулжээ. Аймгийн хэмжээнд цар тахлын үе буюу сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил өссөн, зах зээлд мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна. Тухайлбал өнгөрсөн жилийн мөн үеэс энэ жил махны үнэ кг тутамд 3000-5000 төгрөгөөр нэмэгдсэн. 9-р сарын байдлаар тус аймагт эр хонь 180,0-200,0 мянган төгрөг, эм хонь 140-160,0 мянган төгрөгийн үнэтэй.

Харин төлөг 90.0-110,0 мянган төгрөг, эр ямаа 100,0-120,0 мянган төгрөг, адуу 800,0-900,0 мянган төгрөг, үхэр 700,0-1,5 сая төгрөгөөр зах зээлд борлуулж байна.

2021 онд, оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 302.3 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Харин оны эхний нийт малын 28.4 хувьтай тэнцэх 1095.0 мянган малыг зах зээлд худалдан борлуулжээ. 207.2 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна. Хүнсэнд хэрэглэсэн малыг аймгийн нийт өрхөд харьцуулахад нэг өрхөд дунджаар 10 толгой мал ногдож байгаа гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэдээнд дурджээ. 

“Өвлийн идэш” үйл ажиллагааны хүрээнд

28 тонн малын мах худалджээ

Завхан аймаг 2021-2022 оны өвөл, хаврын хүн амын хүнсний хэрэгцээнд 218.6 мянган толгой малыг зарцуулсан байна. 

Харин зах зээлд 422 мянган толгой мал худалдан борлуулжээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/319 дугаар, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай тушаалын дагуу Завхан аймаг 2021-2022 оны өвөл, “Өвлийн идэш” үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ хүрээнд Улиастай сумын Завхан хүнс групп үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 24 тонн хонь, үхэр, адууны мах, Түдэвтэй сум дөрвөн тонн богийн махыг худалдан борлуулсан байна.

"Завхан хүнс групп" ХХК-ийн захирал Б.Болдбаатар: Бэлчээрийн малын махыг

хамгийн чанартай брэнд гэдгийг л таниулахыг зорьж байна 

Завхан аймаг хүн амынхаа махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй зах зээлд худалдан борлуулах, мах боловсруулах таван үйлдвэртэй. Эдгээр үйлдвэрүүд нь гарал үүсэл нь тодорхой, малын махыг үйлдвэрийн аргаар боловсруулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна нийслэл Улаанбаатар хот болон ОХУ, БНХАУ руу тодорхой хэмжээний махыг экспортолж байна. Үүний нэг нь "Завхан хүнс групп" ХХК юм.


-"Завхан хүнс групп" хэзээнээс эхэлж малын махыг үйлдвэрийн аргаар боловсруулж эхэлсэн бэ?

-Манайх Улиастай хотод байрлах, хуучнаар "Мах комбинат" буюу мах боловсруулах үйлдвэрийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ үйлдвэр Германы техник, эдийн засгийн үндэслэлээр 1986 онд баригдсан, улсын хэмжээний махны үйлдвэрүүд дотроо хүчин чадлын хувьд хоёрдугаарт ордог үйлдвэр байсан. Энэ үйлдвэрийн суурин дээр "Завхан хүнс групп" болж мах бэлтгэлийн үйлдвэрлэлийг 2010 оноос эхлэн явуулж байна. Малчдаас малаа аваад, үйлдвэрийн аргаар бэлтгээд,  дотоодынхоо хэрэгцээг хангаад, гадагшаа зах зээлд гаргаж байгаа. Гадагшаа гаргахдаа БНХАУ-ын дулааны аргаар боловсруулдаг үйлдвэрүүдэд махаа нийлүүлж байна.


ах экспортлох бэлтгэлээ хэр хангасан бэ? 

-Бид мах экспортлох бэлтгэлээ эртнээс хийж эхэлсэн. Тухайлбал, 2015 онд сонгон шалгаруулалтад орж, мах экспортлох зөвшөөрөл авахаас өмнө ч манай үйл ажиллагаа жигд явагддаг байсан. Ингээд БНХАУ-д мах экспортлох үйлд­вэрүүдийг сонгон шал­гаруулахад нийтдээ есөн үйлдвэр хамрагдсан. Эднээс эхний ээлжинд “Грийн Грасланд”, “Завхан хүнс”, “Монгол эко мийт” зэрэг баруун бүсийн гурван үйлдвэрт салаа туруутай буюу хонь, ямаа, үхрийн мах гаргах эрх өгсөн.

2015 онд баруун бүсэд малын өвчлөл харьцангуй бага учраас экологийн эрүүл бүс гэж тодорхойлоод, энэ гурван компанид зөвшөөрөл өгсөн байдаг. Ингээд тэр үед 60 мянган толгой малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж ОХУ, БНХАУ руу гаргаж байсан. экспортын гол орон нь БНХАУ болсон. Мялзан өвчинтэй холбоотойгоор 2015 оноос хойш хонь, үхэр, ямааны түүхий мах экспортлохыг хориглосон байгаа. Үүнтэй холбоотой дулааны аргаар боловсруулсан махыг гадагшаа гаргах шийдвэр гарснаар манайхаас БНХАУ-руу мах бэлтгэж нийлүүлж байна.


-Үйлдвэрийн аргаар махыг бэлтгэх нь гар аргаар бэлтгэхээс ялгаатай юу?

-Мэдээж ялгаатай. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, гар аргаар бэлтгэсэн мах хоёрын хадгалалтын чанар асар их зөрүүтэй.  Энгийн логикоор бодоход:

"Үйлдвэрийн аргаар мах бэлтгэхэд цусыг нь маш сайн юүлж, нян бактеригүй орчинд бэлтгэдэг учраас удаан хадгалж болдог. Мөн ингэж бэлтгэсэн, хөлдсөн мах гэсэхдээ шинэ байдлаар гэсдэг. Харин гар аргаар бэлтгэсэн мах дотроосоо муудаж харладаг". Тийм учраас экспортыг ярья гэвэл мах бэлтгэлийн системээ давхар ярих ёстой л гэсэн үг.

Манай групп мах бэлтгэлийн системийг онцгой анхаарч ажилладаг. Үйлдвэрийн хүчин чадлаа ч сүүлийн жилүүдэд нэмж байгаа. Манайх хоногт 2000 бог, 500 бод малыг төхөөрөх хүчин чадалтай. Мах сэврээх хүчин чадал нь 40,0 тонн, 35-55 тонн махыг гүн хөлдөөх, 2000 тонн бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорьтой. Үйлдвэр жилдээ 500-1000 гаруй тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, дотоод болон гадагшаа экспортолж байгаа. 

 -Малыг мэдээж эрүүл бус нутгаас бэлтгэж байгаа байх? Гарал үүсэл нь тодорхой гээд...?

-Тийм ээ. Малын өвчлөл гараагүй, хорио цээрийн дэглэмд ороогүй эрүүл бүсээс малаа бэлтгэдэг. Өөрийн аймгаас гадна шаардлагатай тохиолдолд Говь-Алтай, Ховд, Увс, Баянхонгор аймгаас бод малыг бэлтгэдэг. Мах махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээнд орж худалдаанд гардаг. Ер нь худалдаанд гарч байгаа махыг мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой.


Тухайлбал, Завхан аймгаас Улаанбаатар хотод очсон махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шууд лабораторид шинжлүүлэх боломжтой. “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр Улаанбаатар хотод худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг. Одоогоор манай улс дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоосон байна.


-Танайхаас “Завхан нэгдэл”төслийг санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн байдаг. Тодруулж ярихгүй юу?

-Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх. Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх. Аймгийн хөгжлийг мал аж ахуй дээр түшиглэн хөгжүүлэх хэд хэдэн үндэслэлээр бид “Завхан нэгдэл” төслийг эхлүүлсэн түүхтэй. 2014 онд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөнтэй хамтарч эхлүүлсэн. Ингээд 2015 онд компанийн зүгээс дангаараа хэрэгжүүлж эхэлсэн.


Нийт аймгийн хэмжээгээр тоолуулсан мал сүргийн таван хувийг энэ төсөлд хамрууллаа гэхэд 150 мянган толгой мал болсон. Ийм тоо толгой малын махыг стандарт шаардлагын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгээд байхад л малчид маань ч, компани ч, аймагт ирэх эдийн засгийн ашиг нь ч өгөөжтэй  байхаар бид тооцсон. Ингээд 2016 онд төслийн үр дүнд 60 мянган толгой малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байдаг. Төсөлд Завханы нийт малчин өрхийн 50 хувь хамрагдаж, малчид маань ч төслийн үр ашгийг мэддэг болсон.

Ер нь мах бэлт­гэлийн тогтолцоо нь тодорхой,төлөвлөгөөтэй, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан мах бэлтгэж байж экспортын шаардлагыг хангана. Эрүүл малтай байж л бид экспорт ярина.

Бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдэж байж л Монголын онцлогтой монгол малын мах үнэд орно. Монголын уудам газар нутгийн экологийн өвс ургамал идсэн малын мах хамгийн чанартай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Монголын малын махыг ямар маркетингаар гадаад зах зээлд гаргах вэ. Чанартай сайн махыг гадаадын зах зээлд таниулж, үнэ цэнийг нь өсгөх. Дотоодын хэрэглэгчдийг улирал харгалзахгүй чанартай махаар хангах зорилгыг "Завхан хүнс групп" ХХК бодлогоор хэрэгжүүлэхийг зорьж байна.

Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ам эрүүл байна

Завхан аймаг эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуйн салбартаа ахиц дэвшил гаргах олон ажлыг хийж байгаа.

Өнөөдөр тус аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 52.7 хувийг мах үйлдвэрлэл эзэлж байна. 

Тиймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх малын таваарлаг чанарт анхаарч, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг анхан шатанд нь хангах. Хүн амын хүнсний хэрэглээний чанар, стандартад анхаарал хандуулж, ашиг шимтэй, бүтээмж өндөртэй цөөн малаас чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.  


Баримт 1: -2020 оноос эхлэн НҮБ-тай хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн цогц төслийн онцлог нь хөдөө орон нутагт анх удаа үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал юм. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах замаар эдийн засгийн хувьд идэвхтэй эд эс болоход нь түлхэц үзүүлэн цочролд өртлөө гэхэд халамжаар тэтгэгдээд байх бус бэлэн байдлаа хангасан байхад сургах нь төслийн зорилго аж. Тэгвэл энэ төслийн хүрээнд тус аймаг улсын хэмжээнд анх удаа 24 суманд малын эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлснээр малчдынхаа орлогыг нэмж, мал, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг гарал үүсэлтэй, баталгаатай гэж тодорхойлоод байгаа. Ингэснээр өөрийн орон нутгаа төдийгүй, Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд баталгаатай мах, сүү цагаан идээг нийлүүлж буй юм.

Баримт 2: -Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, ченжийн нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог Улаанбаатарын иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Монголчуудын хүнсэнд хамгийн их байр суурийг эзэлдэг махыг эрүүл, аюулгүй, чанартай, баталгаатай, эм тарилгын үлдэгдэлгүй гэдэг шалгуураар худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгожээ. “Тодруулбал, малчин хүн бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглаж малаа соргог бэлчээрт идээшлүүлж, мал сүргээ цаг тухайд нь мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнд хамруулж, өсгөн үржүүлээд түүнийгээ малчдын байгууллага болох хоршоогоор дамжуулан Мах боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ. Ингээд махны үйлдвэрт нийлүүлэхдээ “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г системийн дагуу тухайн малын мах эрүүл, аюулгүй, эмийн үлдэгдэлгүй зэрэг баталгааг өгнө. Монголчуудад хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн энэхүү системийг ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм” гэж Монголын бэлчээр ашиглагчдын холбооны Завхан салбар мэдээлж байна.

-Гарал үүсэл нь баталгаажсан гэдгийг шалгахдаа, хэрэглэгч та гар утсан дээрээ “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн системийн аппликейшнийг үнэгүй татаж суулгаад, түүгээр таны худалдан авч буй махан дээрх кодыг уншуулснаар тухайн мах хаанаас гарал үүсэлтэй, хаана бэлтгэж боловсруулсан зэрэг мэдээллийг шууд харж мэдэж болно. Ингэснээр хэрэглэгч та магадгүй танил талаасаа мах худалдан авах гэж хөдөө явж, зардал чирэгдэл бололгүй харин тэдний энэхүү системийн дагуу бэлтгэсэн махыг нь сонгон худалдан авах боломжтой болох юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэх нь өөртөө болон хайртай дотнын хүмүүстээ өгч буй эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт юм гэдгийг уншигч та хэлүүлтгүй мэдэх байх.

Холбоотой мэдээ