Экспортоос гадна 600 сая ам.долларын зээл, хөрөнгийн нийлүүлэлт он дуустал хийгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-23 14:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийн талаар мэдээллээ. Мөн мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн талаар задалж тайлбарлалаа.


Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн мэдэгдэж буйгаар бодлогын хүүг нэмэгдүүлж байгаа нь өнөөдөр жилийн 14.4 хувийг даваад буй инфляцын хэмжээг Төв банкны зорилтот түвшин болох нэг оронтой тоонд буюу 6 хувьд буцаан авчрахад хувь нэмэр оруулах аж. Мөн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах бодлоготой нийцүүлэх зорилготой шийдвэр гэдгийг тэрбээр онцоллоо.


Мөнгөний бодлогын хорооноос төв банкны бодлогын хүүгийн коридорыг өргөн болгож өсгөсөн. Энэ нь арилжааны банкуудад санал болгож буй төгрөгийн хадгаламжийн хүүг өсгөх орон зайг бий болгож байна. Төгрөгийн хадгаламж өсөж байна гэдэг нь төгрөгөөс ам.доллар руу шилжиж байсан хөрвөлтийг зогсоох арга хэмжээ аж. Монголбанкнаас мэдээлснээр төгрөгийн хадгаламжид 200-300 сая ам.долларын хэмжээний мөнгө шилжээд байна.   



Монголбанкнаас мэдэгдэж буйгаар өнөөдөр гол асуудал болсон валютын ханшийг тогтворжуулахад валютын арилжаанаас ашиг олох зорилгоор ханшийг сулруулах гарц байгааг мэдэгдэж байна. Гэхдээ үүний цаана суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэлийн алдагдлын асуудалд анхаарна гэв. Тиймээс Монгол Улсаас гарч, орж буй валютын урсгалыг тогтворжуулах нь чухал байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч А.Энхжин онцолж байна.



Монгол Улсын валютын нөөц сүүлийн найман сарын хугацаанд 1.7 тэрбум ам.доллароор буурч 2,695 сая доллар болоод байна. Үүнд төлбөрийн тэнцлийн алдагдал голлон нөлөөлсөн хэмээн Монголбанк тайлбарлаж байна. 


Төлбөрийн тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Энэ нь ойролцоогоор 4 их наяд төгрөг Монголын эдийн засгаас импортын бараа бүтээгдэхүүний төлбөр, гадаад төлбөр тооцоо байдлаар гарсан гэсэн үг.

Энэ мөнгө Монгол Улсын валютын нөөцөөс болон иргэн, ААН-ийн төгрөгийн эх үүсвэрээс ам.доллар хэлбэрээр гадагшаа гарч байна. Арилжааны банкууд зээл олгох эх үүсвэр нь буурч байгаа нь үүнтэй бас холбоотой. Төв банкны мөнгөний бодлого чангарч байгаа учир зээлийн хүү, хадгаламжийн хүүд нөлөө үзүүлнэ гэв.


Валютын ханшийг тогтворжуулахад валютын арилжаанаас ашиг олох зорилгоор ханшийг сулруулах гарц байгааг мэдэгдэж байна. 


Мөнгөний бодлогын хороо банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг банкуудын заавал байлгах нөөцөд тоооцох эх үүсвээс хасахаар шийдвэрлэсэн. Энэ нь банкууд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийнхээ тодорхой хувийг Төв банканд заавал хадгалах ёстой болж буй хэрэг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор авч буй шийдвэр, заавал байх нөөц юм гэдгийг тодотголоо.


Тодруулбал, тухайн банк 100 төгрөгийн эх үүсвэр татсан бол 8 төгрөгийг Төв банканд хадгалаад, 92 төгрөгийг эдийн засагт гаргах үүрэгтэйг учирлав. Валютаар татсан хөрөнгийн үлдэх хувь 100 ам.доллароос 18 ам.доллар буюу төгрөгөөс өөр ялгаатай тооцдог байна.  Үүнтэй холбогдуулан банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээ хэвээр эсэх, гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээ татсан эх үүсвэрийн хувь, хэмжээг сэтгүүлчид тодруулж асуулаа.


Тэрбээр, хадгаламжийн байгууллагуудын гаднаас авсан зээлийн хэмжээ 1.5 орчим тэрбум ам.доллар байгааг мэдээлж, үүнээс банкуудын 360-аас дээш хоногийн хугацаатай татаж авсан зээлийн хэмжээ энэ онд 415 сая орчим сая ам.доллар болно.

Түүнчлэн АХБ-наас Засгийн газрын авах 100 сая ам.долларыг тооцоход нийтдээ он дуустал манай улсад 600 сая ам.доллар орж ирэх талаар мэдээллээ. Үүн дээр экспортоос орж ирэх орлогыг тооцох учиртай. Ялангуяа энэ жил манай улсын экспортод гаргахаар төлөвлөсөн 18 сая тонн нүүрсний хэмжээ давж биелэх хүлээлттэй байгааг хэллээ. 


Нүүрсний экспорт биет хэмжээгээр нэмэгдэж байгаа нь төлбөрийг урьдчилсан авсантай холбоотойгоор валютын орох урсгал байхгүй нь бас нэгэн хүчин зүйл байгаа аж.  Нүүрсний экспортын бодит орлого хэрэгцээ, хэрэглээгээ дагаж 10-11 дүгээр сараас орж ирдэг тул тэр үеэр ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байна. 

Холбоотой мэдээ