СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдаанд 125 ААН, иргэний 110 төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-28 16:02:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдвэрлэв-2022 үзэсгэлэн худалдаа 13 дахь жилдээ Баруун-Урт суманд болж байна. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, туршлага судлуулах хүрээнд зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд 13 сумын 125 ААН, иргэний 110 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ.


Манай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, сав баглаа боодол, хаяг шошгын өнгө үзэмж жилээс жилд сайжирч, стандартын шаардлага хангаж байгаа давуу талууд ажиглагдаж байна. Үүнийгээ ч бид улсын хэмжээнд батлан харуулж, Улаанбаатар хотноо болсон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, гурван төрөлд шилдгээр шалгараад ирсэн.


Нөгөө талаар жил бүр үзэсгэлэн худалдаанд хамрагдах иргэн, ААНБ-ын тоо өссөн нь сайшаалтай. Учир нь сум орон нутгийн дэмжлэг, төсөл хөтөлбөрт хамрагдаж үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад ижил төстэй бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч, өрхийн орлого нэмэгдэх, ажлын байр бий болох гээд олон талын ач холбогдолтой гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.



Эрдэнэцагаан сумын иргэн С.Одончимэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч. Сумандаа тогтмол үзэсгэлэнд оролцдог ч аймгийнхад энэ жил анх удаа зорин ирж оролцож байна. Сүү цагаан идээ, гар урлал, оёмол бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй иржээ. Эдгээрээс онцлох нь сүүн ирис, бурамтай, цөцгийтэй, шар сүүний гэсэн гурван төрлийн ирисийг үйлдвэрлэж эхэлжээ. сахартай, сахаргүй гэсэн сонголттой учир иргэд маш их сонирхож, худалдан авч байна гэв. 



Харин Түвшинширээ сумын иргэн Г.Төмөрсүх 20 гаруй жил оёдол хийсэн бөгөөд 2014 оноос Түвшингоёл цехийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Дээл үндэсний хувцаснаас гадна европ хувцас, тамирын болон чөлөөт хувцсыг оёж эхэлжээ. Сумандаа анги хамт олон болон байгууллагын захиалгыг авдаг. Бүтээгдэхүүний борлуулалтаа өөрийн болон хөрш зэргэлдээх сумандаа хийдэг бөгөөд борлуулалт маш сайн байдаг тухай ярилаа. Үзэсгэлэн худалдаанд чөлөөт хувцсаараа оролцож байгаа бөгөөд үнийн хувьд 20-45 мянган төгрөгийн хооронд буюу зах зээлийн үнээс хямд байгаа учир худалдан авалт сайн байна гэдгийг хэллээ.


Мөнххаан сумын иргэн Б.Алтансүх сум хөгжүүлэх сангаас зээл авч, өрхийн хэмжээнд гутал үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор адууны арьсан гутал, хром, эрэгтэй ботинк зэргийг үйлдвэрлэж байна. Цехийн байргүй учир гэрээрээ, захиалгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гар аргаар хийдэг учир багадаа хоёр жилийн баталгаа өгдөг. Тэрээр үзэсгэлэн худалдаанд зориулж хэд хэдэн төрлийн гутлыг хийж иржээ. Арьсан, хүүхдийн гутал 130 мянга, хром 180 мянган төгрөгийн ханштай байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Хэнтий, Дорнод аймгийн зарим үйлдвэрлэгчид оролцож буйгаараа онцлог. Хэнтийн буриад хөрөнгийн талх, цөцгий, жимс жимсгэнэ зэргийг иргэд маш сайн худалдан авч байна. Ийнхүү хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны дараа үйлдвэрлэгчдийг 11 төрлийн номинациар шалгаруулж шилдгүүдийг шагнаж урамшуулах юм.

 

Холбоотой мэдээ