БАЯНХОНГОР: Нээлттэй өдөрлөгийн хүрээнд цогц үйл ажиллагаа өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний нээлттэй өдөрлөгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох талуудтай хамтран Баянхонгор аймагт энэ сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нэгдсэн өдөрлөгийн үеэр уулзалт хэлэлцүүлэг, Оготнотой булгийн Крикетийн талбайд бүх нийтийг биеийн тамираар хичээллэхэд уриалж 3х3 буюу Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг, хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдын үзүүлэх тоглолт, Улсын төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын багийн үзлэгийг хийж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн үйл ажиллагаанд 20 сумын удирдлага, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, төлөөлөлд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, сурагчдын хоолны шим тэжээл, зөв хооллолт сэдвээр сургалт мэдээлэл өгч, хоолны амталгаат шоуг мэргэжлийн багаас Эрдэнэмандал сургууль дээр зохион байгуулав. Мөн үеэр 1500 төгрөгт багтаан өгч буй хоол ундны илчлэг ккл тооцсон амталгааг БШУГ, Гуравдугаар сургуулийн хоол зүйчтэй хамтран иргэдэд танилцууллаа. Аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарт 220 тогооч ажиллаж 9850 хүүхдэд үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Мөн энэ өдрүүдэд аймаг болон сумдын эмнэлэг сургуулийн удирдлагын баг бүрэлдэхүүн, нийгмийн ажилтан, иргэд, олон нийтийн төлөөлөлд Архи, согтууруулах ундааны хэрэглээг тогтоох арга зүй, Зүрхний эмгэгийн илрүүлгийн арга зүй, Сургуулийн орчин, хоол үйлдвэрлэл арга зүй сэдвээр сургалт, шинэ тутам мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Сургалтыг НЭМҮТ, СЭМҮТ, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар гардан явуулж байгаа юм.
3.4 сая монголчуудаа эрсдэлтэй биш зөв хандлага, зан үйлтэй, эрүүл саруул биетэй байлгах Төрийн тэргүүний санаачилгыг Баянхонгорын иргэд дэмжин оролцож, Эко ногоон орчинд, эрүүл бие саруул ухаантай, шим тэжээлт хоол хүнсний хэрэглээгээрээ улсдаа жишиг болох зорилтыг тавиад байна.