Хүүхдийн ордноос Нарны зам хүртэл талбайд ногоон байгууламжийг 4 жилийн хугацаанд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-06 11:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га талбайд ногоон байгууламжийг 4 жилийн хугацаанд тохижуулахаар төлөвлөөд байна. 


Үндэсний соёл амралтын хүрээлэн Хүүхдийн паркийн зарим хэсгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран тохижуулах юм. Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засах 3 талт хамтын ажиллагааны санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулав.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хүүхдийн парк 1966 онд байгуулагдсан, чухал газар. Хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ногоон байгууламжийг нэмэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.


Хүүхдийн паркийг 2 хэсэг хуваан тохижуулах бөгөөд А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто Монгол" ХХК хийх юм.



"Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон байгууламж болгон сэргээн засна. Зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлаж, төслийг 4 жилд хэрэгжүүлнэ. Эхний жилд нь бүтээн байгуулалт, 3 жилд нь арчилж, ногоон байгууламжийг бойжуулж нөхөн сэргээнэ” гэв. Тус компани төсөл хэрэгжүүлэхдээ олон нийт, үндэсний компаниудыг оролцуулахаар төлөвлөжээ.


Хүүхдийн паркийн Б хэсгийг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК тохижуулах талаар тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Үлдсэн 6 га газарт жилийн 4 улиралд ажиллах боломжтой паркийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ. 


Санамж бичиг байгуулагдсанаар Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засах ажлыг шат дараатай хийж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 


Хотын дарга нэмж хэлэхдээ, “Дугуй цагаан орчмын тохижилт 90 хувьтай үргэлжилж байгаа, ирэх сарын 15-н гэхэд дуусгана. Одоогоор Туул голын эрэг дагуух тохижилт 80 хувьтай байна. Бага тэнгэр орчимд 3.8 га орчимд ногоон байгууламж бий болгоход түлхүү анхаарч, Богд хааны ордон музейн гадна талбайн тохижилтыг хийж байгаа. Дүүрэг бүрд ногоон байгууламж хийх чиглэлтэй байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ