ТӨСӨВ 2023: Б.Жавхлан: Төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхийг зорьсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-07 12:24:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдөр үдээс хойш болсон нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.


Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан бөгөөд тэрбээр, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон юм. Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэлээ.


Засгийн газар 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Мөн Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн тодотголоо. Тухайлбал, 2023 онд Засгийн газраас эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төсөвт тусгажээ. Түүнчлэн Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ дурдлаа.


Хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарын төсвийг инфляц, валютын ханш, үнийн өсөлттэй уялдуулан төсвийн төсөлд тусгасан эсэх, хөнгөлөлттэй эмийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж байлаа. Мөн  нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаа ч 2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй шалтгааныг тодрууллаа. Түүнчлэн Засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ямар хэлбэрээр олгохоор болсныг тодруулахын зэрэгцээ ирэх онд шатахуун, түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг  лавлаж байв.


Эмийн хөнгөлөлтөд ирэх онд 90 тэрбум төгрөг төсөвлөжээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Салбарын яамны зүгээс ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж байлаа.


Нийт 1061 төслийн 914  нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон

Харин Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсныг онцлоод энэ хүрээнд ирэх жил хийх нийт 1061 төслийн 914  нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгах зорилтыг тавьсан.  Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг барьж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дээр хүүхдийн мөнгийг суулгаад 1.4 тэрбум төгрөгийг халамжийн нэг төрөлд багтаасан. Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн бусаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа хэмээн гишүүдийн асуултад хариуллаа.


Дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн, шатах тослох материалтай нийлбэл 1.8 сая тонн байдгийг тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой. Гэрээ хараахан байгуулагдаагүй байгаа гэж онцлоод дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна.  "Роснефт" компани дотоод зардлуудаа буулгасан. Нийлүүлэгч тал өмнө нь ийм тодорхой хямдралыг үзүүлж байгаагүй гэсэн юм.


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийн талаарх  асуулт, хариулт үргэлжилж байна.  

Холбоотой мэдээ