Дэлхийн сансрын 7 хоногийг “Зайсан Хилл”-д зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-07 16:48:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн сансрын долоо хоног 4 дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсад уг долоо хоногийг сансар судлалыг хүүхэд залуучуудад таниулан сурталчлах байдлаар “Зайсан Хилл” цогцолборт 7 хоногийн өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр хүүхдүүдийг нар, од дурандуулах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг бүрдүүлсэн вакуум орчинг бүрдүүлж үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчилж байна.


Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүрийн 10 дугаар сарын 4-өөс долоо хоног тэмдэглэж байх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 онд гаргаж байв.  Чухам 10 дугаар сарын 4-ныг сонгосон нь 1957 оны энэ өдөр дэлхийн анхны хиймэл дагуул болох Спутник-1”-ийг сансар огторгуйд хөөргөсөн нь өнөөгийн сансрын судалгааны хөгжлийн эхлэл болсон юм.



1967 оны 10 дугаар сарын 10-нд сар болон бусад селестиел биетийг багтаасан, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах, судлах чиглэлээр улс орнуудын үйл ажиллагааг зохицуулах зарчмын тухай Олон улсын гэрээг байгуулж байсан учраас 1999 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 4-10-нд Олон улсын сансрын долоо хоногийг тэмдэглэдэг. Энэ жил Спутник-1” хиймэл дагуулыг сансарт хөөргөсний 65 жилийн ой тохиож байна.


Энэ жилийн сансрын долоо хоногийг “Сансар болон тогтвортой хөгжил” уриан дор дэлхийн 100 гаруй улс оронд сансрын агентлагууд, сургууль, планетариа, музей, одон орон судлалын клуб зэрэг байгууллагууд сансар, сансар судлалтай холбоотой төрөл бүрийн хөтөлбөр зохиож байна. Манай улсад “Дүдү боловсролын сан, “Зайсан хилл цогцолбор”, Монголын Скаутын холбоо” хамтран сансрын шинжлэх ухаан, STEAM боловсролын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын оролцоотой нээлттэй зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ