Жүдоч Ц.Цогтбаатар Дэлхийн бөх болохоо дахин нотлов
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн бөх болохоо дахин нотолсон сайхан долоо хоног өндөрлөж байна.
Тивийн аваргаас хальсан түүний амжилт Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медалиар үргэлжилж, “Токио-2020” олимпын хүрэл мeдалиар буухиалан өдгөө Дэлхийн аваргын алтан медальд хүрлээ. Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол түмнээ баясгасан юм. Шувтаргын барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Японы алдарт бөх Соичи Хашимотог этэх мэхээр ялж, дэлхийн аварга болсноор Ц.Цогтбаатар дэлхийн дэвжээнд түрүүлсэн тав дахь монгол жүдоч болсон. Түүнээс өмнө хоёр эрэгтэй хоёр эмэгтэй жүдоч буюу Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар, Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Д.Сумъяа нар дэлхийн дэвжээнд түрүүлж, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлж байсан удаатай. Мөн ДАШТ-ий өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд медаль хүртсэн Монголын анхны жүдоч болов, Ц.Цогтбаатар. Тиймдээ ч Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) шинэхэн дэлхийн аварга Ц.Цогтбаатарыг онцолж, түүний тухай нийтлэлээ “Монголын үнэт эрдэнэ” гэж гарчиглан бичиж, “Жүдо бөх сонирхогчид Японы төрийн дууллыг цээжээрээ мэддэг. Ташкентын ДАШТ-ий эхний хоёр өдөр Японы төрийн дуулал дөрвөн удаа эгшиглэсэн. Гурав дахь өдөр Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг-д түрүүлж, япон жүдочид Төрийн дууллаа дөрөв дараалж эгшиглүүлсэн амжилтыг зогсоолоо. Тэр Монголын жүдогийн том төлөөлөл. Цаашид илүү өндөр амжилт гаргаж, Монгол Улсын төрийн дууллыг цээжилтэл олон тэмцээнд түрүүлэх боломжтой” гэж тодотгосон талаар шуугиж байна.
Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа Ц.Цогтбаатар "Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн" хэмээж байсан бол, Дэлхийн аварга болсныхоо дараа “ДАШТ-д түрүүлж, олимпын хүрэл медалиа ахиулах зорилготой ирсэн. Миний туйлын зорилго бол олимп, дэлхийн аварга болох. Нэг зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна” гэжээ. Энэ удаагийн ДАШТ-ий гол дүрийн нэгээр тодорсон Ц.Цогтбаатарын үнэ цэнтэй алтан медалийн ачаар, -60 кг-д Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн -57 кг-д А.Энхрийлэн хүрэл медаль хүртсэний тусаар, -52 кг-д Б.Хорлоодой шагналт байрт шалгарсны дэмээр Монголын жүдочид багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт бичигдэж байсан ч, 13-ны байдлаар дөрөвдүгээр байрт жагссан юм.
Дэлхийд данстай бөх гэдгээ дахин нотолж, аваргын алтан медалийг зүүсэн хүүгийнхээ талаар ээж нь “Миний хүү сайн барилдаж, зорьсондоо хүрээрэй” гэж зоригжуулсан. Гэтэл Цогоо “Хүү нь бүх хүчээ шавхаад үзнэ ээ, ээж ээ. Чадна” гэж байсан. Миний хүү хэлсэндээ хүрч, гэр бүлийнхнийгээ, багш нараа төдийгүй монгол түмнээ баярлууллаа. Үүнээс илүү баяр, жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна. Дэндүү их баярлаж, бусдын сайхан үгэнд бялуурч сууна” гэсэн ярилцлага өгчээ. Тэгэлгүй яахав, хүү нь дэлхийн аварга болохоос сайхан зүйл гэж эх хүнд юу байх билээ. Мөн “Хүү минь аавынхаа захиасыг хурдан биелүүллээ дээ” гэж бахархаж, баярлаж сууна. Аав нь тэнгэрийн орноос хүүгээ харж ямар их баярлаж суугаа бол доо. Миний хүү аавдаа олимп, дэлхийн аваргын медаль авна гэж амлаж байсан юм. Тийм болохоор хүү минь хачин их баярлаж байгаа байх. Аавынхаа нэрийг дэлхийд цуурайтуулдаг хүү цөөн шүү дээ” гэсэн байна. Хүүгийнхээ хичээл зүтгэлийг үнэлсэн ээжийн үнэлэмж ийм энгийн атлаа агуу аж.
Түүнийг 19-хөн настайдаа нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Их дуулга”-ын тэмцээнд дэлхийн шилдгүүдийг “сөхрүүлсээр” дэд байрт шалгарч, мөнгөн медаль зүүгээд тавцан дээр зогсч байхад нь Монголын ирээдүйн дэлхийн аварга энэ шүү гэж хэр олон хүн бодсон бол. Юутай ч, шагнал гардуулах ёслолын үеэр IJF-ийн ерөнхийлөгч М.Визер “Мөнгөн медаль авсанд баяр хүргэе. Чи шилдэг нь байлаа. Амжилт хүсье” хэмээн түүнд тусгайлан баяр хүргэсэн гэдэг юм билээ. Харин 2016 оны олимпод ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг үлдээж, Ц.Цогтбаатарыг өрсөлдүүлсэнд, улмаар түүний ялагдалд спорт сонирхогчид ихэд ундууцаж байсан түүх бий. Ялагдалдаа бухимдан хогийн савны дэргэд суучихсан, уйлж суугаа түүний зургийг, өнөөдрийн ялалтын медальтай инээж зогсоо мөчтэй нь харьцуулж, цахим ертөнц амьсгалж байна. Тийм ээ, тэр их спортын ялагдаж, ялж сурдаг шатаар өгсөж, жам ёсоороо явна. Тэр хэрээрээ хал үзэж, хатуужиж яваа. Их спортын сайхныг ч, муухайг ч амсаж, үзэж яваа. Тиймдээ ч тамирчны ялалт амархан ирдэггүйг биеэр туулж мэдэрч байгаа. Энэ нь өөрөө амьдралын их сургууль юм. Олны дунд хүлээлт үүсгээд байсан гавьяат цолыг тэр одоо гуйж бус гуядаж авна. Одоо бол түүний цаг үе юм. . Ц.Цогтбаатар өөрийнхөө талаар “Би жүдо бөхөд маш их дуртай. Дэвжээнд гараад л миний барилдах хүсэл өөрийн эрхгүй оргилдог. Уран гоё мэхнүүд хийж, эн тэнцүүхэн барилдаж өрсөлдөөнтэй, хурц дайчин барилдахыг хүсдэг. Дэвжээнд гараад зөвхөн дайраад баймаар санагддаг. Үүнээсээ болоод яарч алдаа гаргадаг. Шүүмжлэлийг болж хүлээж авна” хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн байдаг.
Одоогоос долоон жилийн өмнөх ярилцлагадаа “Өөрийн хувьд шилдэг гэж боддог дэлхийн томчуудтай бараг л барилдчихсан. Би 60 кг-ын шилдгүүдээс Дашдаваагийн Амартүвшин ахтайгаа барилдахыг л их хүсдэг юм. "Чингис хаан" Гранпри тэмцээнээр энэ хүсэл минь биелж таарч барилдаад би ялагдсан. Тийм болохоор хамгийн шилдэг нь дэлхийд биш Монголд шигшээ багт минь бий. Тэр бол Д.Амартүвшин ах” гэж хэлж байжээ. Тэр үед 60кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн нарын дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж байсан бол Ц.Цогтбаатарын хувьд 30 дугаарт эрэмбэлэгдэж байв. Тиймдээ ч “Цаашид аль, аль чансаагаа ахиулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хэлж суусан Ц.Цогтбаатар өнөөдөр жиндээ дэлхийд манлайлж байна. Шинэчилсэн жагсаалтыг ч тэр мөн тэргүүлсээр. Үүнээс илүү бахархал гэж юу байх билээ. Түүний ээж “Би хүүгээ Монголын бахархал гэж боддог” гэсэн байсан. Тийм ээ, таны хүү яах аргагүй Монголын бахархал юм. Монголчуудынхаа хайрыг дааж, дахин дахин баярлуулж яваарай. Нас чинь залуу, дараачийн олимп ч ойрхон байна даа.