ТӨВ: Дэлхийн хуримтлалын өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-17 15:28:16

Төв /МОНЦАМЭ/ "Дэлхийн хуримтлалын өдөр-2022" үйл ажиллагааг Төв аймгийн Өндөрширээт суманд өнөөдөр зохион байгуулж байна.


Энэ жилийн хуримтлалын өдрийг Төв аймаг, Монголбанк, банкны холбоотой хамтран орон нутаг тэр дундаа алслагдсан суманд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Энэ өдөр 300 гаруй иргэнд хуримтлалын ач тусыг ойлгуулан, 15 хүүхдэд тавин мянган төгрөгийн дүн бүхий хадгаламжийн дэвтэр гардуулан өглөө. Мөн арилжааны банкууд хадгаламж нээж, хуримтлал үүсгэсэн иргэдэд гарын бэлэг гардуулан, сугалаат урамшууллыг зарлаж байв.


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хуримтлал үүсгэх нь зөвхөн мөнгөө хадгалахаас гадна санхүүгийн зөв дадалд суралцах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх бусад олон чадварт суралцах эх үндэс болдог. Хуримтлалын ашиг тусын талаар иргэд ялангуяа  өсвөр үеийнхний дунд төрөл бүрийн сургалт, мэдээллүүдийг явуулж, ирээдүйд бий болох эрсдэлүүдээс өөрийгөө болоод орчин тойрны хүмүүсээ хамгаалах, тэдэнд санхүүгийн боловсролыг бий болгох нь бидний одоогийн гол зорилт бөгөөд төрийн зүгээс хуримтлал үүсгэх бизнес, зах зээлийн орчныг бүрдүүлэхийн төлөө бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Аймгийн хэмжээнд энэ оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 58.129 иргэний 123,3 тэрбум төгрөгийн хадгаламж байгаагаас хугацаатай хадгаламж 101.8 тэрбум төгрөг, хугацаагүй хадгаламж 21.5 тэрбум төгрөг байна гэсэн статистик мэдээлэл байна.
Дэлхий даяар 1924 оноос хуримтлалын өдрийг тэмдэглэж эхэлсэн ба манай улс энэхүү өдрийг Монголын банкны холбооны санаачилгаар 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. 

Холбоотой мэдээ