Хиймлээр ургуулсан тархи видео тоглоом тоглож байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-10-18 20:55:44

Олон улсын эрдэмтдийн баг тархины эсүүдийн бүхэл бүтэн цогц хэсгийг /колони/ лабораторийн нөхцөлд ургуулах туршилтыг амжилттай хийж чадсан бөгөөд эдгээр эс нь 1970-аад оны үеийн, Pong гэдэг нэртэй, теннистэй төстэй видео тоглоомыг “тоглож сурсан”нь гайхалтай.


Cortical Labs компанид ажилладаг доктор Бретт Каган “Neuron” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны өгүүлэлдээ энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ. Тэрбээр мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран Петрийн шилэн аяганд анхны хиймэл “ухаалаг” тархийг бий болгожээ. Хэдийгээр энэ тархи “оюун ухамсаргүй” боловч эргэн тойрны орчноо мэдэрч, түүнтэй харилцан үйлчлэх чадвартай гэнэ. Биологичид эсийг өсгөвөрлөх зорилгоор хэрэглэдэг намхан шилэн эсвэл хуванцар цилиндр хэлбэртэй тавгийг Петрийн аяга гэж нэрлэдэг. 


Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, доктор Каганы энэ амжилт хүмүүсийг гайхшруулан бишрүүлж байгаа хэдий ч тархины эдгээр эсийг жинхэнэ ёсоор “оюун ухаантай” гэж дүгнэх нь хэт яарсан хэрэг болно.


Энэ тухайд доктор Каган өөрөө ярихдаа “бүтээсэн зүйлээ дүрслэн тодорхойлж чадах хамгийн оновчтой хэллэгийг бид олж чадаагүй, энэ бол гадны эх үүсвэрээс мэдээлэл авч, түүнийгээ боловсруулж, бодит цаг хугацааны горимд хариу үйлдэл үзүүлдэг эд шүү дээ” гэв.

Хүний тархины суралцах чадвар нь хиймэл оюун ухааныхтай харьцуулахад хамаагүй илүү өндөр 


Ийм “бичил тархи”-ийг бүр 2013 онд анх удаа лабораторийн нөхцөлд гарган авсан ба зорилго нь микроцефал гэдэг удамшлын эмгэгийг судлах явдал байлаа. Ийм эмгэгтэй хүмүүсийн тархи нь анх төрөхдөө л маш дутуу хөгжсөн байдаг. Түүнээс хойш “бичил тархи”-ийг ашиглан эрдэмтэд тархины хөгжлийг судалсаар иржээ.


Харин энэ удаад доктор Каганы удирдсан судлаачдын баг “универсал” үүдэл эсүүд ба хулганы үр хөврөлийн эсүүдийн тусламжтайгаар хүний тархины 800 мянга орчим ширхэг эсээс бүрдсэн цогц хэсгийг ургуулж чадсанаараа онцлогтой. Дараа нь электродуудын тусламжтайгаар уг бичил тархийг гадны эх үүсвэр буюу видео тоглоомтой холбожээ. Тоглоомын үеэр хийх үйлдэл нь бөмбөгийг талбайн нэг талаас нөгөө тал руу шидэх явдал байв.


Үүний хариуд эсүүдэд цахилгаан идэвхжил илэрч  эхэлсэн байна. Тоглоом үргэлжлэхийн хэрээр идэвхжил суларч байсан боловч тархийг “дахин цэнэглэсний дараа” бөмбөг санамсаргүй газарт очих бүрт эсүүд дахин өдөөгдөж, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлж байжээ.  


Бичил тархи тоглоомыг ердөө 5-хан минутанд тоглож сурсан нь гайхалтай бөгөөд бөмбөгийг байнга алдаж байсан хэдий ч оновчтой шидэлтийн тоо нь дунджаас дээгүүр үзүүлэлттэй байв.

Өнөөдөр Pong гэдэг энэ видео тоглоом хэт болхи харагдаж байгаа боловч 1970-аад оны үед жинхэнэ дуулиан тарьж байсан юм. 


Доктор Каган ярихдаа, уг шинэ технологийг ашиглан нейродегенератив өвчнүүдийг /удаан хугацаанд даамжирдаг, удамшлын эсвэл олдмол хэлбэрийн мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, тухайлбал Альцгеймерийн өвчин гэх мэт/ эмчлэх шинэ аргуудыг турших боломж бий хэмээн найдаж байгаагаа хэллээ.


“Петрийн аяганд буй эсүүдийг хүмүүс харахдаа идэвхжил байна уу, үгүй юү гэдгийг нь л анзаарна. Гэтэл тархины эсүүдийн гол үүрэг бол бодит цаг хугацааны горимд мэдээллийг боловсруулах явдал. Энэхүү жинхэнэ үүрэг, үйл ажиллагааг нь зохих ёсоор гүйцэтгүүлэхийн тулд маш нарийн судалгаа хийх хэрэгтэй” гэж доктор Каган ярьж байна.


Түүний дараагийн зорилт бол бичил тархины Pong тоглох чадварт согтууруулах ундаа хэрхэн нөлөөлж буйг судлах явдал гэнэ. Хэрвээ лабораторийн тархины хариу үйлдэл нь хүний  тархины хариу үйлдэлтэй төстэй байх аваас хүмүүс дээр хийх туршилтанд бичил тархийг ашиглаж болно гэсэн үг.


Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад, доктор Каганы өөрийн ургуулсан эсүүдэд өгсөн “оюун ухаант байдал” гэдэг тодорхойлолт нь толь бичиг, лавлахууд дахь тодорхойлолтуудаас ялгаатай. Тодруулбал, “оюун ухаант байдал” гэдэг бол сэтгэл хөдлөл, мэдрэмжээ сорих чадвар юм. Иймээс Кардиффын Сэтгэлзүйн сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Дин Бернетт “сэтгэдэг систем” гэх хэллэг илүү тохиромжтой гэж үзэж байна.


Судалгааны ажил өргөжихийн хэрээр бичил тархи улам боловсронгуй болох нь ойлгомжтой. Харин доктор Каган болон түүний мэргэжил нэгт нөхөд “био ёсзүй”-н салбарын мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байгаа гэнэ. Учир нь, жинхэнэ ёсоор сэтгэдэг тархийг санамсаргүй байдлаар бүтээснээр үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй ёсзүйн асуудлууд үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа аж.  


“Бид өөрсдийн технологийг дөнгөж үүсэн бий болж буй компьютерийн салбартай зүйрлэдэг, тухайн үеийн анхны транзисторууд нь “боловсроогүй түүхий” загварууд байсан бол чиглэсэн тодорхой зорилго бүхий судалгаануудыг дэлхий даяар олон жилийн турш хийсний үр дүнд технологийн жинхэнэ сувд эрдэнийг олж чадсан” гэж Каган ярилааТухайлбал, хиймэл оюун ухааны салбарт эрдэмтэд томоохон амжилт олсныг дэлхийн шилдэг шатарчдыг хожиж чаддаг компьютерууд гэрчилнэ.


Доктор Каганы мэргэжил нэгт нөхөр болох Лондоны Их сургуулийн коллежийн профессор Карл Фристон ярихдаа “Pong тоглодог тархины бүлэг эсүүд маш чухал онцлогтой. Энэхүү бичил тархи нь бүх зүйлийг өөрөө сурсан, өөрөөр хэлбэл, илүү уян хатан бөгөөд илүү дасан зохицох чадвартай” гэлээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ