Төрийн үйлчилгээг концессоор бус, түншлэлийн хэлбэрт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-31 11:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулав.


Хуулийн төслөөр Төр, хувийн хэвшлийн түншлэл нь төрийн хийх ёстой, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээ зэргийг хувийн хэвшилтэй хамтарч хийхэд оршиж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Тодруулбал, энэ нь удаан хугацааны гэрээ бөгөөд хувийн хэвшил эрсдэл, менежментийн хариуцлага хүлээдэг, төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулан төр, эсвэл хэрэглэгч төлдөг хэлбэр рүү шилжих аж. Нэг ёсондоо өмнө нь хэрэглэж байсан концессыг халж, Хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг гаргаж байна гэв.


Тэрбээр концесс бол түншлэл биш, концессыг халж шинээр хууль гаргаж байна гэдгийг тодотгов. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдан гарснаар одоо төрийн үйлчилгээг түншлэлийн хэлбэрт шилжүүлэх эрхзүй бүрдэж, цаашид төр, хувийн хэвшил бизнесийнхэнтэй харилцан түншилж явна гэдгийг хэллээ. Үүгээр энэхүү хууль анхдагч болж байгаа аж.




Төрийн байгууллагын эрх, үүрэг, түншлэгч талуудын чиг үүрэг, баталгаа зэргийг 9 бүлэг, 60 зүйлд тусган хуулийг бүтцийг гаргаж өгч буйг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг онцлов. Тэрбээр, хуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгжилтийг хангах, төр болон хувийн хэвшлийн хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төв байгуулах талаар дуулгалаа.




Төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэж, хэрэгжүүлэх ажил их байгааг тэрбээр хэлэв. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөлд нийт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1061 төслийг өргөн барьсан. Үүн дотор жишээ нь, 119 сургууль, 114 цэцэрлэг, 80 авто замын төсөл, мөн боомтын томоохон замуудын бүтээн байгуулалт хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл нийтийн зориулалттай дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх эрэлт хэрэгцээ, шаардлага их байгаа. Энэ нь хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд төртэй түншлээд эдгээр төслийг хэрэгжүүлэх бүрэн боломж, орон зай байна гэсэн үг гэв.




Хуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар Засгийн газрын ХЭГ-ын Д.Амарбаясгалан хэлэхдээ, төрийн үйлчилгээний чанар сайжрах боломжийг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад дээшилж, хөрөнгө оруулагчдын илтгэл бий болж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэх, үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг онцоллоо. Учир нь шинээр гарч буй хуулийн төслийг энэ талын харилцааны олон улсын стандартад нийцүүлэн, НҮБ-ээс гаргасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишиг хуульд тулгуурласныг хэлж байна. 




Концессын тухайд одоо 9 тэрбум төгрөгийн барих, шилжүүлэх нөхцөлтэй өмнөх өрийг төлж, төрд дарамт болоод явж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Концесс нэрийн дор 2010 оноос хойш 254 төсөл хэрэгжүүлснээс амжилттай нь цөөн. Гэтэл төсвөөс концессийн төлбөр жил бүр өссөөр иржээ. 




Холбоотой мэдээ