Ц.Нандигжав: “Аварга” болох гэж байгаа хүнд сугалаа хамаарах биш дээ...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-01 09:03:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах элит ангиллын тэмцээн өчигдрөөс буюу 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-нд Йорданы нийслэл Амман хотноо болж байна.

 

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцох бөгөөд Ази тивийн АШТ-д 27 орны 267 шилдэг боксчид хүч, ур чадвараа сорин тулалдах юм.

 

Өчигдөр Йордан улсын Амман хотод болох ASBC Азийн элит боксын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөлгөөн болж, эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн оноолт гарсан байна. Монголын баг тамирчдын оноолтын талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн дүгнэлт, сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.


 

Тэрбээр: “Өнөөдөр Йорданы Амман хотноо эхлэх гэж байгаа боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах манай тамирчдын оноолт эвтэйхэн нь эвтэйхэн, эвгүй нь эвгүй л таарч.

 

Гэхдээ аварга болох гэж байгаа хүнд сугалаа хамаарах биш дээ. Ямар ч гэсэн эмэгтэй 70 кг-д Эрдэнэтуяа шууд медаль дээр бууж.  ОУХМ Чинзориг нэгд эрэмбэлэгдсэн бөгөөд медаль бол тодорхой, өнгийг хувиргаж "хошой" шар болгох нь чухал. Финалд Узбекистаны боксчин л учрах байх. Залуу боксчид Лундаа, Буяндалай нар медальд ойрхон байна. Энхмандах, Төгөлдөр, Намуун, Мөнгөнсаран нар дэлхийн медальтнуудыг давж байж л медаль руу орох юм.

 

Аваргыг ялж байж л аварга болдог болохоор итгэлтэй үзэлцвэл аваад л явчихна. Монголын бокс өндөр угшилтай шүү дээ. Өсөх ирээдүйтэй залуу боксчин Номин эхний даваандаа Азийн аварга, хашир казак Римма Волосенког ялчихвал аварга л болно гэсэн үг.

 

За бусад нь хичээх л юм бол медаль арвин хураах боломж бүрэн байна. Хамгийн гол сонин мэдээ бол Олон улсын боксын холбоо чансаа тогтоодог дүрмээ өөрчилсөн юм байна.

 

Манайхаас өөрийн жиндээ дэлхийд хамгийн өндөрт эрэмбэлэгдэж яваа нь Чинзориг (10-15), Цэндбаатар (14-19), Есүгэн(7-10), Намуун (9-17) нар юм байна.

 

Харин Монгол Улсын боксчид дэлхийд чансаагаараа 33 дугаарт, Ази дотроо бол 7 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий дараа шагналын оноо сайн авч чадвал дээшээ явна гэсэн үг.

 

Шинэ дүрмээр Азийн АШТ-д алт - 1200, мөнгө-900, хүрэл - 700, 5-6 дугаар байр - 400, 7 - 8 дугаар байр-300, 1/16 финал -150,  1/32 финал - 50, урьдчилсан тулааны ялалт бүр 25 оноо цуглуулах юм байна. Чансаа өндөрт эрэмбэлэгдэнэ гэдэг оноолт хөнгөн таарна гэсэн үг учраас их ач холбогдол өгөх хэрэгтэй юм” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээ