Төв аймгийн Лүн сумын орчмын Туул голын бохирдол ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-11-04 16:12:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-тай хамтран “Туул голын сав газрын тулгамдсан асуудал, зөрчил, цаашид авах арга хэмжээ” сэдвээр усны салбарын мэдээллийг хуваалцах хэлэлцүүлгийг Цаг уур, орчны шинжилгээний газар зохион байгуулав.




Хэлэлцүүлгийн эхэнд ус ашиглалт, усны төлбөрийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас танилцуулав. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 594.8 сая шоо метр ус ашиглажээ. Үүнийг өмнөх онтой нь харьцуулахад 2.3 хувиар нэмэгдсэн байна.

Нийт ус хэрэглээний 57 хувийг мал аж ахуй, газар тариаланд ашиглажээ. Улсын хэмжээнд ус ашигласны төлбөрт жилд 45-48 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. 2021-2022 онд нийт 2.1 тэрбум төгрөг оруулжээ. Үүнийг дийлэнх хувийг уул уурхайн салбарын усны ашиглалт хэрэглээ бүрдүүлж байна.


Усны төлбөрт  2021-2022 оны байдлаар нийт 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


Усны салбарт 2012 онд Байгаль орчны багц хуулийг шинэчлэх хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталж, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оноос мөрдөөд явж байна. Уг хуулийн онцлог нь ус ашигласны төлбөрийн хэмжээг ус бага бохирдуулж байгаа бол бага хэмжээгээр, их бол тэр хэмжээгээр төлбөр төлдөг болсныг Усны газрын захирал Б.Мягмар тодотголоо.




Мэдээллийн дараа Туул голын сав газрын захиргааны Усны нөөц, ашиглалтын зохицуулах албаны дарга н.Энхбаяр Туул голын сав газрын нөхцөл байдлын талаар танилцуулав. Туул голын бохирдлыг голыг нийслэл хотын суурьшлын бүс, аж үйлдвэрийн буюу уул уурхайн бүс болон газар тариалангийн, аялал жуулчлалын, тал хээрийн гэсэн байдлаар 6 бүсээр хувааснаар авч үзсэнээр танилцуулж, голын дагуух суурьшлын бүсүүд болон Төв аймгийн Лүн сумын орчмын Туул голын бохирдол буурахгүй, ихэссээр байгааг мэдээллээ. Энд Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй дутуу цэвэршүүлсэн болон хаягдал бохир ус голлон нөлөөлж буй аж.




Туул голын нийт урт 882.8 км бөгөөд нийт уртын 13 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг байна. Улаанбаатар хот нь Туул голын сав газрын 6-3 хувийг эзэлдэг ч хэт төвлөрлийн нөлөө их байна.

 

Дашрамд мэдээлэхэд, Хөвсгөл аймгийн нутагт, Дэлгэрмөрөн голын эрэг дээр хайрга, дайрга олборлож байсан "Далай гоулд" ХХК-д олгосон газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгожээ. Дэлгэрмөрөн голын бохирдол ихэсч, байнгын тоосжилт үүсгэж, ухсан нүхэнд хүн, мал унаж бэртдэг, аюулгүй ажиллагааны байдлыг хангаагүй, газрыг их хэмжээгээр ухаж орхиод байгаа талаар нутгийн иргэдээс ирүүлсэн санал, гомдлоор мөрөөр БОАЖЯ-наас ажиллаж, дээрх компанийн газар эзэмших эрхийг энэ оны 10 дугаар сарын 31-нээр тасалбар болгон цуцалсан талаар БОАЖЯ-наас мэдэгдлээ.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ