ДАРХАН-УУЛ: 60 орчим тэрбум төгрөгийн ган бүтээгдэхүүн нийлүүлэх хэлцэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-09 14:52:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК манай улсын гангийн томоохон үйлдвэр юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, төлөвлөгөөгөө биелүүлж эхэлсэн талаар үйлдвэрийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас  үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага, менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж эхэлжээ.

Энэ хүрээнд үйлдвэрийн удирдлага, менежментийн багаас бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ хүрээнд 2023 оны борлуулалтын хэлцлийг “Эрдэнэт” ТӨҮГ-тай хийж ирэх онд тус газарт 60 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий ган бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.  

Тус үйлдвэр 1536 ажилтантай. Үүнээс 49 хувь нь гангийн үйлдвэрт, 51 хувь нь уурхайд ажилладаг аж. “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилд 30 гаруй мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна.

2022 оны 10 дугаар сарын байдлаар 18 мянга орчим тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Харин энэ сард 3000 тн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Түүнчлэн аравдугаар сард Гангийн үйлдвэр болон Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцож олгохыг үйлдвэрийн  удирдлага, менежментийн багаас шийдвэрлэж, компанийн ажилтнуудад олгожээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ